-Спорт авиралтаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Өнгөрсөн гуравдугаар сараас хичээллэж эхэлсэн. Бэлтгэл хийснээс хойш сарын дараа хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Үеийнхэнтэйгээ анх удаа өрсөлдсөн болохоор догдолж, их сандарсан. О.Сайханжаргал багш “Энэ удаагийн тэмцээнд эмээхгүй, зоригтой оролцож, туршлага хуримтлуулаад үз. Чамд хойшид хэрэг болно” гэж зөвлөсөн. Би амжилт гаргана гэж ер төсөөлөөгүй. Тэгтэл III байр эзэлж, хүрэл медаль хүртчихэв. Анхны шагналаасаа урам авч, тууштай хичээллэх бодол төрсөн юм. Одооноос өөрийгөө олон тэмцээнд сорьж, медалийнхаа өнгийг хувиргана.
-Гэр бүлийнхэн тань дэмжиж, тэмцээн үзэхээр ирсэн үү?
-Ээж үзсэн. Гэр бүлийнхэн минь намайг дэмжээд, тэмцээн үзэж байна гэж бодохоор түшигтэй санагддаг юм билээ. Би Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн 9д ангид сурдаг. Өсвөрийн тамирчидтай хамт өнгөрсөн сард Говь-Алтайн аймгийн Тонхил сумыг зорьж, “Олимп” спорт авиралтын төвд зуны сургалтад хамрагдаж бэлтгэл хийсэн. “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо багш бидэнд спорт авиралтын техникүүдийг зааснаас гадна тамирчин хүн ямар байх ёстой, хэрхэн бэлтгэл хийж, өөрийгөө дайчлан амжилтад хүрэх талаар зөвлөсөн.
-Хотын аваргын тэмцээний дараахан улсынхад оролцсон гэсэн. Хэр амжилт гаргав?
-V байрт шалгарсан. УАШТ-д олон клубийн шилдгүүд ана мана өрсөлддөгийг тэр үед мэдэрсэн. Тэднийг хараад шаргуу хичээллэж, хурд, хүч, ур чадвараа ахиулах ёстойг ойлгосон юм. Ирэх жил түрүүлнэ гэж өөртөө амласан. Тиймээс тэмцээн өндөрлөсний маргааш л бэлтгэлээ үргэлжлүүлсэн дээ.
-О.Сайханжаргал дасгалжуулагч шавь нартаа юу гэж зөвлөдөг бол?
-Тэрбээр бидэнд “Энэ спорт тамирчнаас эр зориг, мэдрэмж, ур чадвар их шаарддаг. Та нар бэлтгэл, тэмцээний үед хөл, гараа зэрэг ажиллуулах хэрэгтэй” гэж зөвлөдөг. “Сутайн бор” клубийнхэн олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хананд бэлтгэл хийдэг учраас улсын хэмжээний тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болдог юм. Энэ удаагийн зуны сургалтаас олон зүйл сурлаа.
-Ангийнхаа нөхдийг энэ спортод уриалж, урвуулав уу?
-Одоогоор ангийнхнаасаа ганцаараа хичээллэдэг. Манай сургуулийн сурагчид сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол сонирхох нь элбэг. Намайг спорт авиралтаар хүрэл медаль хүртсэнийг сонсоод анги удирдсан багш, хамт олон минь баяр хүргэж, урам хайрласан. Өнгөрсөн хавар сургуулиас зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээнд ангийнхантайгаа оролцож амжаагүй. Тэр үед спорт авиралтын тэмцээн болох дөхсөн тул бэлтгэл хийж таарсан юм. Харин гэр бүлийнхнээс ээж минь уулын спорт сонирхож, 2017 оноос өнөөг хүртэл хичээллэж байна. Өндөр уулын авиралтад өнгөрсөн жилээс оролцох болсон. Намайг энэ спортоор хичээллэхэд дэмждэг. “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо багш ээжийг уулчидтай хамт Сутай хайрханд өнгөрсөн жил авирахад ахалж явсан юм билээ.
-Ээжтэйгээ хамт уулын спорт, гүйлтээр хичээллэдэг гэж сонссон.
-2017 оноос ээжийгээ дагаж, Цэцээ гүн рүү авирдаг болсон. Авиралтын гүйлтийн тэмцээнд үеийнхэнтэйгээ хоёр ч удаа оролцохдоо чамгүй туршлага хуримтлуулсан. Спорт авиралт олимпын наадмын төрөлд багтсан болохоор тууштай хичээллэж, амжилт гаргахыг зорьж байгаа. Жил бүрийн есдүгээр сард уулын спортынхны дунд “Дурсамж” марафон болдог. Үүнд ээжтэйгээ хамт оролцдог. Би энэ жил насныхаа ангилалд, гурав, таван км-т гүйнэ. Миний хувьд спорт авиралтаас гадна хаданд авиралтыг ч сонирхдог. Багштайгаа хамт бэлтгэл хийж байгаа. Удахгүй хаданд авиралтын УАШТ болно. Үүнд оролцох бодол бий.