Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгээ МХЕГ-аас өнөөдөр олон нийтэд дэлгэв. Мах бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгахад нэлээд хэд нь "бүдэрчээ". Зөрчил гаргасан байгууллагуудад хатуу арга хэмжээ тооцсон аж. Тодорхой хэлбэл, 16 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон байна. Мөн "Өргөө мийт трейд", "Тэлмүүн Ану", "Алтанцээл меат", "Эх хөгжил", "Эм Ди Си Пи", "Хансүжигт", "Иргэн А.Алтаншагай", "Өлзийт тал", "Хүн-Од" компаниудын бэлтгэсэн 507.08 тонн мах зөрчилтэй байжээ. Тиймээс холбогдох байгууллагуудад мэдэгдэж устгуулах санал хүргүүлсэн гэнэ. Учир нь гурван удаагийн шинжилгээний дүнгээр найман аж ахуйн нэгжийн стандартын шаардлага хангаагүй хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн аж.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар экспортлох эрхгүй буюу эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн аж ахуйн нэгжүүдийг илрүүлсэн. Экспортлох эрхгүйгээр долоон аж ахуйн нэгж 541.5 тонн мах бэлтгэсэн байна. Нэр бүхий долоон компани экспортлох эрхгүйгээр дулааны аргаар мах бэлтгэж агуулахдаа хадгалсан байгаа юм" гэх мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн ХХААХҮЯ болон ГЕГ-т албан шаардлага хүргүүлж, шалгалтын мөрөөр арга хэмжээ авахыг хүсжээ.