БНСУ-ын эмэгтэйчүүдийн волейболын лигт тоглох шинэ тамирчид сонгох шалгаруулалтад энэ удаад 49 тоглогч бүртгүүлжээ. Сонгон шалгаруулалтаар тус улсын “Аi peppers” багийнхан хоёр тамирчин авсны нэг нь “Мокро” сургуулийн оюутан, монгол тамирчин Ц.Орхон. Тэрбээр 18 настай, 195 см өндөр, голын хаагчийн байрлалд тоглодог. Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийг 2019 онд сэргээхэд тэрбээр “Алтайн барс” багийнхантай оролцож, БНСУ-д суралцахаар хөл тавьсан юм. Түүний тоглох “Аi peppers” багийнхан лигт өрсөлдөх клубүүдээс хамгийн залуу нь. Тэд өнгөрсөн жилийн лигт Унгар улсаас 192 см өндөртэй Элизабет Варга хэмээх легионер тамирчныг багтаа урьж тоглуулсан аж.