“Алтайн барс” багийн ахлагч, ОУХМ Д.Үнэнтуяаг волейболын хорхойтнууд андахгүй. Б.Мөнхнаран дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж, амжилтын гараагаа эхлүүлсэн тэрбээр олон тэмцээнд оролцсон. Тухайлбал, 2012 онд Монгол, 2016 онд Тайванийн Каошунь хотод болсон элсний волейболын Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчдын бүрэлдэхүүнд сонгогдон өрсөлдөж, тус бүр хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл дараа жил нь Монголын волейболын холбоо, “Хасу мега стар” клубтэй хамтран клубүүдийн аварга шалгаруулах “Хасу кап-2017” тэмцээнд багийнхантайгаа түрүүлж, аваргын алтан цом өргөсөн юм. Тус тэмцээний шилдгийн шилдгээр тодорч, “Тэгш тоглогч”-ийн шагнал гардсан түүнтэй ярилцлаа.
-Алтайн барс”-т анх хөл тавьсан дурсамжаас тань аялмаар санагдлаа. “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн ирэх сард эхлэх нь. Багийнхантайгаа бэлтгэл хэр хийж байна вэ?
-“Үндэсний дээд лиг”-ийн товлосон хугацаа ойртож байна. Багийнхантайгаа өдөрт гурван удаа бэлтгэл хийхэд цаг хугацаа хурдан өнгөрдөг. Би “Алтайн барс” клубийг өмнө нь “Эрчим” нэртэй байх үеэс тоглосон. 2011 онд клубийн нэр өөрчлөгдсөн ч багийнх нь гишүүд солигдоогүй. Намайг тамирчнаар ирэхэд өндөр биерхүү эгч нар угтаж байлаа. Тэднээс тамирчин хүн ямар байх ёстойг харж, бөмбөгийг нь зөөн, сэлгээний тоглогчоор тэмцээнд оролцож эхэлсэн. Багийнхнаасаа О.Саруултуяа эгчийг хараад “Ямар гоё цохиж, довтолдог юм бэ” гээд бодож байв. Надад олон жил тоглож, туршлага хуримтлуулсан эгч нараас сурсан зүйл их. Хоёр дахь жилээс нь үндсэн тоглогч болж, багийн ахлагчаар сонгогдсон юм. Тэр үед МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн шинэ оюутан надад өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл хийн, тэмцээнд оролцох гээд чөлөөт цаг ховор гардаг байлаа. Тэмцээнтэй үед багш нараас чөлөө авах, хичээлээ нөхөж бичих, шалгалтад бэлдэх зэргээр их сургуулийн дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн. Энэ жилээс өөрийн хүсэлтээр ахлагчийн ажлыг багийнхаа У.Анужинд шилжүүлсэн.
-Багийн ахлагч байх амаргүй. Охидыг нэг зорилготой болгож, амжилтад хөтлөхөд таны үүрэг, хариуцлага багагүй нөлөөлсөн гэж боддог.
-Б.Мөнхнаран дасгалжуулагч “Чи багийн ахлагч болж чадах уу” гэхэд юу ч бодохгүйгээр “Чадна” гээд хариулж билээ. Ингэж хэлснийхээ дараа сандарч, эмээсэн. Эхний хэдэн сар ахлагч байх хэцүү санагддаг байлаа. Үнэнийг хэлэхэд чадахаасаа чадахгүй хүртэл хийе бодоод зүтгэхдээ олон ч асуудалтай тулгарсан. Багш ч багийн ахлагч ямар байх ёстой талаар байнга зөвлөнө. Тэр үед “Би л багийн ахлагч хийхгүй бол болохгүй юм байна” гэх бодол төрж, хичээж эхэлсэн. Надаас зориг, зорилго, мэдрэмж эрч хүчтэй байхын аль алийг нь шаардсан. Багийн гишүүдээс нэг нь дэмжихэд нөгөө нь эргэлзэж, санал нийлэхгүйгээ илэрхийлдэг байв. Багш хатуу үгтэй. Магтаал, урам хайрлахдаа харам. Хааяа “Чи ер нь хийж чадах юм уу даа” гэж голонгуй, шүүмжилсэн өнгө аясаар хэлэхэд нь өөрийн эрхгүй хор шар хөдөлдөг сөн. Бодож байгаа хэмжээнд нь хүрэхээр бид чадлынхаа хэрээр зүтгэнэ. Одоо л сэтгэлд нь нийцэх болов уу гээд “Багш аа, одоо болж байна уу” гэхээр “Болохгүй байна” гэнэ. Хожим “Та бидэнд яагаад болж байна гэж хэлдэггүй юм бэ” гэхэд “Тэгж хэлбэл та нар онгирчихно шүү дээ” гэж билээ. Тэрбээр хэнийг шүүмжилж, шарыг нь малтан урагшлуулахаа сайн мэддэг.
-Амжилт амархан ирдэггүй. Олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл, зүтгэлийн үр дүнгээс хамаардаг зүйл шүү дээ.
-Намайг тамирчнаар анх ирэхэд хавар, намар клубүүдийн аварга шалгаруулах, “Тэнүүн огоо”, “Хасу кап” тэмцээн болдог байв. Олон жил завсарласны эцэст 2019 онд “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн болоход багийнхантайгаа анх удаа өрсөлдсөн. Спортын төв ордны зааланд хөл тавих зайгүй суусан үзэгчдийн уур амьсгалаас лигийн тоглолтыг санаж, үгүйлснийг нь мэдэрсэн юм. “Үндэсний дээд лиг”-т оролцох нь клубүүдийн тэмцээнд өрсөлдөхөөс өөр. Тэр жилийн лигт “Алтайн барс”-ын эрэгтэйчүүд Японоос хоёр легионер, эмэгтэйчүүд ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн шугамаар ирсэн Ауки хэмээх тоглогчийг урьж оролцуулсан. Тэд биднээс хурд, хүч, мэдрэмжээр илүү санагдсан тул сурах зүйл их байлаа. Монголын олонх баг гадаадаас довтлогч голдуу урьдаг. Тэгэхэд манайхан лигт чөлөөт хамгаалагч анх удаа оролцуулсан нь олны сонирхлыг татсан.
-Багийн тань өмнөх гишүүд тарсан тул танайхан дээд лигт оролцохдоо шинэ залуу тоглогчдоор хүч сэлбэсэн харагдсан.
-Тийм ээ. Үндсэн гишүүдээс Д.Наранцацрал бид хоёр л үлдсэн. Олон жил тоглосон тамирчдаас Г.Цэцэгжаргал, Г.Болортуяа эгч нарыг багтаа урьсан. Тэмцээнд амжилт гаргахад багийн нэгдмэл уур амьсгал их нөлөөлдөг. Хүн бүрийн өссөн орчин, зан чанар өөр. Ахлагчийн хувьд зан араншингийнх нь онцлогт тааруулж харилцдаг. Багийн тоглогчдоос нэг нь тэмцээний үед сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байвал шалтгааныг нь заавал асууна. Энэ мэтчилэн яривал багийн ахлагчийн ажил амаргүй, үүрэг, хариуцлага нь ч өндөр. “Алтайн барс”-ын залуу тамирчид ШУТИС, МУИС, АУИС, “Их засаг” их сургуульд сурдаг, II, III курсийн оюутан. Тэдний олонх нь Ховд аймгийнх. Одоогийн гишүүд өмнөх тамирчдыг бодвол өндөр, биерхүү биш. Волейболын тэмцээнд нуруу намхан байх нэг их хамаарахгүй, харин техниктэй тоглох нь чухал.
Түүний дүү Д.Анужин "Энагура" багт холбон тоглогчоор тоглодог
-Багийн ахлагч тэмцээнд түрүүлэхэд аваргын цом өргөдөг. “Хасу кап-2017” тэмцээнд та шилдгийн шилдгээр шалгарч, “Тэгш тоглогч”-ийн шагнал гардсан санагдах юм.
-Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс анх хүрэл медаль хүртэхэд би багийн ахлагч байгаагүй. Түүнээс хойш 2017 онд “Хасу кап” тэмцээнд түрүүлэхдээ алтан медаль хүртэж, аваргын цом өргөсөн. Тухайн үед төрсөн баяр хөөр, догдлол, мэдрэмжийг үгээр хэлэхэд ч багадмаар санагдаж билээ. Хичээж зүтгэсний эцэст амжилт ирдгийг тэр үед мэдэрсэн. Тэр тэмцээний шилдэг тоглогчоор шалгарахдаа багшаасаа “Сайн байна” гэдэг урмын үг анх удаа сонссон. Манайхан ямар ч тоглолтод хамт олны сахилга бат, үүрэг хариуцлага, нэгдмэл байдлыг харуулж чаддаг гэж боддог.
-Таны дүү Д.Анужин “Энагура” багийн холбогч. Тус клубийн захирал Жан Жин Хун танд багтаа тоглуулах санал нэг бус тавьсныг тамирчдаас сонсож байлаа.
-Түүнийг клубтээ тоглуулах санал тавихад “Би багаа солихгүй. “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтоос багийнхантайгаа нэг удаа ч гэсэн медаль хүртэх бодолтой байна” гэж хэлээд татгалзсан. Намайг оюутан байхад тус багт олны танил тамирчид тоглодог байв. Тиймээс гишүүдийнх нь нэг болохоос илүү өрсөлдөгчийнх нь хувиар тоглох сонирхолтой санагдсан. Ингэж шийдсэн минь өөрийгөө хөгжүүлж, урагшлахад багагүй нөлөөлсөн шүү. Тэгээд ч надад “Алтайн барс”-т үлдэх шалтгаан бий. Миний хувьд амжилтын төлөө багийнхантайгаа эцсээ хүртэл тоглоод үр дүнд хүрье гэж зорьсон.
-Дээд лигийн тоглолтыг үзэж суугаа хүмүүс дэмждэг багийнхаа довтолгоо, хамгаалалт, тоглох техникийг нь хүртэл судалдаг юм билээ.
-Миний нэр хүмүүст содон сонсогддог шиг байгаа юм. Надтай уулзаад “Хэн гэнэ ээ, нэрээ дахиад хэлээч” гэдэг. Би зүүн гараараа бичдэг ч баруун гараар волейбол тоглодог. Зөрсөн бөмбөгийг солгой гараараа цохихыг хүмүүс харчихаад “Үнэнтуяа баруун, зүүнгүй цохидог юм байна” хэмээдэг гэсэн. Миний хувьд тоглолтдоо анхаарал хандуулаад үзэгчдийн яриа, уур амьсгал, хүлээж авч буй байдлыг тэр бүр анзаардаггүй. Тэмцээний дараа бичлэгээ үзэхдээ олны ярьсан зүйлийг сонсоод инээд хүрдэг юм.
-Эгч дүүс томоохон тэмцээнүүдэд таарч, ана мана тоглосон удаа байдаг уу?
-Бий бий. 2019 онд “Үндэсний дээд лиг”-т “Энагура” багийнхантай таарсан. Би ч дүүгийн хаалтад орохгүйг бодож цохино. Тоглолтын өмнө бие халаалт хийж байхдаа Д.Анужинг цаашлуулж “Чи намайг хаав аа” гээд багийнхных нь хажууд хэлэхэд “Эгч юу яриад байгаа юм бэ, хаахгүй яах юм” гэж байв. Тус багийн захирал Жан Жин Хун захирал Сэлэнгэ аймагт болсон өсвөр үе, залуучуудын УАШТ-ийг очиж үзэхдээ дүүг минь харж, багтаа тоглуулах санал тавьсан юм. Тэрбээр надтай холбогдож “Дүүг тань багтаа тоглуулах бодолтой байна. Аав, ээжтэй тань уулзаж ярилцъя” гэж байв. Дүү ч тус багийнхантай нэгдэж тоглох сонирхолтой байсан болохоор гэрийнхэн зөвшөөрсөн. Манайхан одоо бидний үнэнч хөгжөөн дэмжигч. Тэд эхэндээ волейболын тэмцээн сонирхож үздэг төдий байлаа. Д.Анужинг тоглодог болсноос хойш сайн ойлгодог болсон шүү.
-Волейболоор тууштай хичээллэхийг бодоход аав, ээж тань ойлгож, дэмждэг бололтой.
-Гэрийнхэн томоохон тэмцээний үеэр бидэнтэй холбогддог. Аав “Чи өнөөдөр дүүгийнхээ багийнхантай тоглох нь. Манай охинд хожигдоно доо” гэж цаашлуулаад, хор шар хөдөлгөнө. Ээж “Та хоёр хоорондоо таарах юм уу, яана даа” гээд сэтгэл зовнино. Тэмцээний дараа аав “Чи дүүдээ хожигдсон байлгүй” гэнэ. “Алтайн барс”-ынхан “Энагура”-гийнхныг лигт хожоогүй л дээ. Манайхан намайг волейбол анх тоглоход анзаараагүй. Бэлтгэл хийх гэхээр “Чи юугаар л хичээллээд байна. Ер нь яах гээд байгаа хүн бэ” гээд гайхаж асуудаг сан. Би ч сонирхлоороо дугуйланд явна. Тэр үед хүүхдүүд хоорондоо харилцахаас өөр зүйл сайн мэдэхгүй. Сэлэнгэ аймагт тэр үед мэргэжлийн дасгалжуулагч байгаагүй. Аравдугаар ангийн сурагч байхад волейболын дасгалжуулагч Г.Баярсайхан, О.Наранбаатар нар ирсэн юм. Тэд волейбол тоглох сонирхолтой хүүхдүүд байвал бүртгүүлээрэй гэснээр анх хичээллэсэн. Хүүхдүүдийг сонгон шалгаруулахад тэнцэж, баярлаж байснаа мартдаггүй. Багш нар сонгож авсан хүүхдүүдийн гэрийнхэнтэй нь уулзаж, ярилцах үед намайг хичээллэж байгааг аав, ээж мэдсэн. Би арваннэгдүгээр ангид байхдаа аймгийнхаа шигшээ багт нэг жил тоглосон. Тэр жилээ Сүхбаатар аймагт зохион байгуулсан өсвөр үеийнхний УАШТ-д оролцсон юм. Ээж нэг удаа тэмцээн үзээд дэмжье гэж бодсон уу “Чи бэлтгэлээ таслахгүй хийгээрэй” гэж билээ. Манайхан волейболын тэмцээн үзсээр байгаад одоо наад захын зүйлүүдийг мэддэг болчихсон. Ээж тэмцээн үзэж суухдаа “Ямар удаан юм, хурдан гүйгээч. Танай багийн тэр тоглогч жаахан удаан юм аа” гэдэг юм.
-Дүү тань БНСУ-ын Мукпу хотын биеийн тамирын их сургуульд сурахын хажуугаар волейболын шигшээ багт нь урилгаар тоглодог. Эгчийн хувьд байнга зөвлөдөг биз?
-Дүүгээ Мукпу хотын биеийн тамирын их сургуульд сурахаар явахад их баярласан. Сурахын зэрэгцээ волейболын лигт тоглоосой гэж боддог. Тэнд лигийн тэмцээнд тоглохын тулд иргэншлээ солих шаардлагатай юм билээ. Д.Анужин лигт тоглох сонирхолтой. Эгчийн хувьд түүнийг сургахаар явуулах сан, тэнд хөл тавиад өөрийгөө хөгжүүлэх олон зүйл сураасай гэж хоёр жил ярьсан. Тэрбээр БНСУ-аас ирээд “Манайхан солонгосчуудаас хурд тааруу байна. Тэндхийн бэлтгэл монголчуудынхаас үнэхээр өөр юм” гэж байсан шүү.
-Тэмцээнтэй үед дүүгээсээ тоглолтынхоо тактикийг нууцалдаг уу?
-Бид гэртээ тэмцээн, тоглолтын талаар яриа өрнүүлээд байдаггүй. Би дүүгээс “Танай багийнхнаар сонин юу байна. Энэ удаагийн тоглолтод хэн хэн оролцох вэ” гэх зэргээр асуудаг юм. Дүү ч надад багийнхаа тоглолтын талаар ярьдаггүй. Миний хувьд тэмцээн дөхөхөөр сандарч, догдлоод байдаггүй. Удирдлага, хамт олонтойгоо ярилцаж ажлаа зохицуулна. Өмнөх өдөр нь бүх зүйлээ зэхэж, тоглолт эхлэхээс цагийн өмнө хувийн бэлтгэл хангадаг. Волейбол намайг олон талаар өөрчилсөн. Тамирчин болсноор хатуужил тэвчээртэй болсноос гадна шүүмж, магтаалыг дааж сурлаа. Багийнхан минь намайг ааштай гэдэг л юм. Ингэж хэлэхэд нь эмзэглэдэггүй. Волейболын клубүүдэд сайхан ааштай багийн ахлагч ховор байх.