Иргэн Амараас гаргасан … 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны хамтран өмчлөгч 2 иргэнд тус тус ногдох 25 хувийг мөнгөн хэлбэрээр олгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан, тус шүүхийн шүүгчийн захирамжаар уг 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Хариуцагч Модон болон гуравдагч этгээд Мөнх нараас уг шийдвэрийг эс зөвшөөрч, “… бид нар уг байрыг өмчлөх хувь хэмжээн дээрээ маргасан, нэхэмжлэгчээс өмчлөх хувь хэмжээ, үнэлгээгээ өөрөө тогтоогоод шаардсан байхад шүүхээс үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Гомдлыг хянаад, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Хуульд зааснаар, шүүх нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх үүрэгтэй, үүний тулд хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлуудыг тодруулах, хэрэв тусгай мэдлэг шаардагдах бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох бөгөөд шинжээч томилсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлдэг.
Энэ тохиолдолд, хэргийн оролцогчид тухайн байрны өмчлөх хувь хэмжээ, түүнийг мөнгөн хэлбэрээр үнэлж гаргуулах талаар маргасан тул уг байрны зах зээлийн бодит үнэлгээг тогтоохгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй.
Түүнчлэн орон сууцны зах зээлийн үнэлгээг шүүх өөрөө тогтоохгүй бөгөөд энэ нь тусгай мэдлэг шаардаж байх тул шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй, хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдол үндэслэлгүй гэж үзэв.
Шийдвэрийн дугаар: 102/ШТ2022/00348
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.