“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж буй бөгөөд энэ нь тус компанийн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой байж магадгүй гэнэ. АТГ-ынхан уржигдар Ц.Даваацэрэнгийн гэр болон ажлын өрөө, “Тавантолгой түлш”-ийн байранд нэгжлэг хийсэн байна. Зарим эх сурвалж авлигатай тэмцэх байгууллагынхан нэгжлэг хийх явцдаа түүний өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан гэж мэдээлж буй. Үүнийг АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад “Энэ хэргийг мөрдөн шалгах ажил ид үргэлжилж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэгжлэг хийж, шаардлагатай баримтуудыг хураан авсан нь үнэн” гэв.
Эргэн сануулахад, Ц.Даваацэрэнгийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тухайн албан тушаалыг хашиж байхдаа мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр байгуулсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг бусдад давуу байдал олгож хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой асуудлаар түүнийг АТГ-аас шалгаж буй. Ташрамд дурдахад, хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлсэн гэх тус эмнэлгийг улсын өмчид авах шийдвэрийг Засгийн газар энэ оны эхээр гаргасан билээ.