Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, дэд захирал асан Ч.Мөнхбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, шалгаж буй. Тодруулбал, түүнийг тухайн албан тушаалыг хашиж байхдаа бүрэн эрхээ урвуулан ашиглаж НВЦ ХХК-д давуу байдал олгосны улмаас Хөгжлийн банканд 21 сая ам.долларын хохирол учруулсан гэдэг үндэслэлээр прокуророос цагдан хорих санал гаргасан юм. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч хянаад, ханган шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, улсын хилээр гарахыг хориглох болгож өөрчилсөн юм байна. Тэгвэл эл шийдвэрийг хууль бус гэж үзсэн прокурын гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад, шүүгчийн захирамжийг хуульд нийцээгүй гэж үзжээ. Улмаар таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Мөн Ч.Мөнхбаярт өмнө нь авсан арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Ташрамд дурдахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгчийн дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэдэг бөгөөд энэ нь эцсийнх байхаар заасан.