Хулгайн гэмт хэрэг эрс өссөн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс өчигдөр мэдээлэв. 2022 он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг 4395 бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.2 дахин өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, ноднин хулгайн гэмт хэрэг 1965 бүртгэгдсэн бол өнөө жил 2430 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүний дийлэнх буюу 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ. Төрлөөр нь авч үзвэл халаасны хулгай зонхилж буй гэнэ. Энэ төрлийн хулгайн хэрэг улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4, нийслэлд 2.3 дахин өссөн бөгөөд 90 орчим хувь нь Улаанбаатарт, тэр дундаа Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт гарсан байна.
Хичээлийн шинэ жил эхлэх дөхмөгц хөл хөдөлгөөн ихсэж, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад хулгайн гэмт хэрэг өсдөг. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулав. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэн хэлтсийн нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Ихэвчлэн 12-30 насны эмэгтэйчүүд болон хүүхдүүд халаасны хулгайд өртөж байна. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн анхаарал, болгоомжгүй байдлыг далимдуулан гар утас, бусад эд зүйлийг нь хулгайлах тохиолдол элбэг” гэв.