-Оюуны спортын төрлүүдээс даам юугаараа сонирхолтой вэ?
-Надад даам анх заасан хүн бол аав минь. Энэ спортоор хичээллэсэн цагаас дэмжиж, тэмцээнд байнга оролцуулж, ур чадварыг маань хөгжүүлсээр ирсэн. Би нэг удаа сургуулийн аварга шалгаруулах даамын тэмцээнд сонирхож оролцоод түрүүлчихэв. Түүнээс хойш сургуулийнхаа даамын клубт хичээллэдэг болоход Алтанхуяг багш “Манай клубт хичээллээч” гэж санал тавилаа. Аав намайг дагуулж очоод “Алтан хүү” клубийн дасгалжуулагч, ОУИМ Р.Манлай багштай танилцуулснаар шавь нь болж байв. Түүний удирдлагад гурван жил бэлтгэл хийж, түвшнээ ахиулсан. Тууштай хичээллэж, амжилт гаргахад гэрийнхний минь дэмжлэг, багшийн хөдөлмөр, хичээл зүтгэл их нөлөөлсөн.
-Ямар тэмцээнээс урам авч, тууштай хичээллэхээр шийдэв?
-Дүүргийнхэд өрсөлдөж алтан медаль хүртчихээд урам авч, УАШТ-д оролцсон. Улсын аваргын тэмцээнд шилдгүүд ана мана өрсөлдөж, тэмцээний уур амьсгалыг сонирхолтой болгодгийг харсан юм. Анх удаа оролцохдоо медаль хүртээгүй ч туршлага хуримтлуулсан. Би тэр үед удаан бодож, тайван нүүвэл сайн тоглоно гэж бодоод өрсөлдөгчдөө хожигдож билээ. Багш бидэнд тэмцээний өмнө “Өрсөлдөгчөө мэдэрч тогло. Сайн бодож, зөв нүүгээрэй” гэж зөвлөдөг.
-Шагналын салхиа ямар медалиар хагалснаа сонирхуулаач.
-2019 онд ОХУ-д зохион байгуулсан тэмцээнд өрсөлдөхөөр анх хилийн дээс алхсан. Тэр тэмцээнд Монголоос олон тамирчин оролцсон тул би Буриад улсын даамчидтай нэгдэж, хүрэл медаль хүртэж байлаа. Түүнээс хойш шагналын буухиа тасраагүй. Тус тэмцээний дараа миний ур чадвар өмнөхөөсөө эрс сайжирсан. Монголдоо болсон өсвөрийн аварга шалгаруулах “Нахиа лиг” тэмцээний үндсэн, блиц, рапид төрөлд алт, мөнгө, хүрэл медаль гардсан. Мөн УАШТ-ий хагас шигшээ хүртэл тоглосон. Өмнө нь туршлага хуримтлуулсан бол хоёр дахь тэмцээнд нь үеийнхэнтэйгээ эн тэнцүү өрсөлдсөн шүү. Энэ жилийн улсын аваргаас мөнгө, алтан медаль зүүсэн. УАШТ-д амжилттай оролцож, эхний гурван байр эзэлсэн тамирчид Азийн АШТ-д өрсөлдөх эрх авснаар өнгөрсөн зургадугаар сард Узбекистаны Ташкент хотыг зорьсон юм.
-Тэнд зохион байгуулсан Азийн АШТ хэр сонирхолтой болов?
-Би Узбекистаны тамирчныг 100 буудалт даамын блиц төрөлд хожиж мөнгө, рапид (түргэн) төрөлд нутаг нэгт Б.Баасанбарыг ялж, алтан медаль хүртсэн. Миний хувьд түүнээс тоглолтын байрлал илүү байв. Надтай учраа таарсан даамчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь эзэн орны тамирчин, Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лазизбек байлаа. Тэрбээр 64 буудалт даамын төрөлд аваргалсан, улсынхаа найдвар болсон өсвөрийн тамирчдын нэг юм билээ. Түүнийг долоо дахь өрөгт хожиж, медалиас атгасан. Багшийнхаа зөвлөснөөр тайван, няхуур тоглож, оновчтой нүүдэл хийсэн. Бид хойшид ч таарах байх.
-Туркийн Анталья хотод ирэх сард болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцох уу?
-Оролцохоор бэлтгэлээ хийж байгаа. Тус тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 7 хүртэл болно. Дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгох сорилго тэмцээн энэ сарын 20-21-нд болсон. Үүнд улсын аваргад нас, насны ангилалд эхний 10 байр эзэлсэн тамирчид оролцоход амжилттай тоглож, онооны нийлбэр дүнгээр I байрт шалгарч, эрх авлаа.
-Багшийнхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Тууштай, хөдөлмөрч, даруу, аливаад үүрэг хариуцлагатай ханддаг, шавь нартаа итгэл хүлээлгэдэг зангаар нь бахархдаг. Тэрбээр бэлтгэлийг товлосон цагтаа эхлүүлж, үр дүнтэй дуусгадаг. Би ч гэсэн клубийнхээ тамирчдын адил хичээлээ тараад бэлтгэлээ хийхээр яаран ирдэг. Азийн АШТ сурагчдын амралтын үеэр болсон. Тэндээс намайг аваргын цом, мөнгөн медальтай ирснийг сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд минь сонсоод баяр хүргэж, урам хайрласан. Би айлын отгон хүү, нэг эгчтэй. Ээжийг минь Б.Дариймаа гэдэг, багш мэргэжилтэй. Миний сурдаг сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Энэ ташрамд, намайг үргэлж дэмждэг гэрийнхэндээ болон багшдаа маш их баярлалаа гэж хэлье.
-Та Ховд аймгийн Мөст сумд өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан гэл үү?
-Тийм ээ. Тус сумын хүндэт иргэн болсондоо баяртай байгаа. Аавыг минь Ц.Тогтох гэдэг. Ховд аймгийн Мөст сум аав, ээжийн минь төрсөн нутаг. Азийн аваргаас ирснийхээ дараа гэрийнхэнтэйгээ тус сумын 80 жилийн ойн баяраар очиж, өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг 18-аас дээш насныхны ангилалд зохион байгуулсан. Тэмцээнд олон хүн оролцсон. Тэднээс эхний гурван байрт шалгарсанд нь медаль гардуулж, гарын бэлэг, мөнгөн шагналаар урамшуулсан юм.