Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өчигдөр тохиолоо. Манж Чин гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг халж, үндэсний тусгаар тогтнолоо зарлан, VIII Богдыг Монгол Улсын шашин, төрийн эрхийг хослуулан баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн энэ өдрийг 2011 оноос Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуулийн хүрээнд тэмдэглэх болсон. Ингэснээр бүх нийтээр амардаг болсон билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрийг угтуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар, салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм. Мөн тэрбээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар зарлиг гаргаж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээв. Түүнчлэн Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон зэвсэгт хүчний мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. Бүх нийтийн амралтын өдөр олон нийт ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нарантуул”, “Дүнжингарав”, “Барс”, “Бөмбөгөр” зэрэг томоохон зах, худалдааны төвийг богиносгосон цагийн хуваарийн дагуу ажиллуулсан юм.
Бэлтгэсэн Р.Жаргал