Сэтгүүл зүйн шүүмж бичиж, задлан шинжлэлээр дагнасан сэтгүүлч, судлаач манайд хуруу дарам цөөн байдаг. Тэгвэл “БАЛДОРЖ” сан эл чиглэлд шинэ шан татаж, залуу сэтгүүлч судлаачдыг дэмжиж урамшуулсаар ирсэн. “БАЛДОРЖ” сан, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуультай хамтран Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн V уралдааныг “Ковидын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд явуулж, энэ өдөр шилдгүүдээ тодрууллаа. Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн V уралдаанд Монгол, Франц, Герман, БНХАУ-д ажиллаж амьдардаг сэтгүүлч, судлаачид ур чадвараа сорьж, 16 шүүмж илгээжээ. Тэднээс ур чадвар, чансаа, задлан шүүмжлэлээрээ шилдэгт тооцогдох дөрвөн бүтээлийг шалгаруулж, I, II, III болон тусгай байрын шагнал гардуулав. “Ковид улстөрөөс ангид хүнлэг сэтгүүл зүйг шаардаж байна” шүүмжээрээ тэргүүн байрт шалгарсан сэтгүүлч Б.Баярбаясгалан Францад ажиллаж амьдардаг аж. Түүний шагналыг төрсөн ахад нь гардуулсан билээ. Харин Б.Баярбаясгалан цахим мэндчилгээгээр зочидтой учран золгов.
Тэргүүн байранд сэтгүүлч Б.Баярбаясгалан
“Ковид улстөрөөс ангид хүнлэг сэтгүүл зүйг шаардаж байна”
Дэд байранд СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Цэнд
“Амьдрал үргэлжилсээр...”
Гутгаар байранд eguur.mn сайтын сэтгүүлч Э.Булган
“Тахлын үеийн сэтгүүл зүй: дөрөв дэх засаглал оношлогдсон нь”
Тусгай байранд СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутан Б.Дарьбазар
“Өнцгөөс өө хайхуй” шүүмжээрээ тус тус шалгарлаа.
СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор П.Батхуяг, Монгол Улсын Гавьяат багш доктор, профессор Ж.Баянсан, Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт Я.Сумъяа нар уралдааны шүүгчээр ажиллажээ. Уралдаанд оролцож буй судлаачдын бүтээл жил ирэх тусам сайжирч, ялангуяа залуу судлаачдын идэвх оролцоо, бүтээлийн чанар чансаа өссөнийг шүүгчид онцлов. Мөн нэг тодорхой сэдвээр бичсэн бүтээл, шүүмжийг шалгаруулах нь шүүгч нарын хувьд амар байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, бүтээлүүдийг хооронд нь харьцуулахад нэлээд дөхөм байжээ. Нөгөө талаар нэг сэдвээр хийж буй учраас хөл хорионы үед судалгааны материалаа хэрхэн цуглуулсан, боловсруулсан нь шүүгчдийн анхаарлыг нэлээдгүй татжээ. Ийнхүү хайр найргүй шүүмжилж буй ч алсдаа үр өгөөжөө өгөх сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шүүмж шалгаруулах ёслол халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө. Энэ өдөр сэтгүүл зүйн салбарын эрхлэгч, шилдэг авторууд, сэтгүүлч, судлаач, багш нар нэгэн дээвэр дор цугларч нандин, дотно яриа өрнүүлж, элгэмсэж, сэтгэлээ уудлав.
Шилдэг шүүмж шалгаруулах ёслолын төгсгөлд МСНЭ-ийн ерөнхийлөгч З.Боргилмаа СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогост Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагнал гардуулсан билээ. Тэрбээр шагналаа гардаад “Би аливаа шагнал авах дургүй. Гэхдээ Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналыг авахыг хүсэж байсан. Авъя гэсэн шагналаа авч, хүсэл минь биеллээ. Нэр хүндтэй эрхэм шагналыг Пүүжээ эрхлэгч, Х.Цэвлээ, Т.Баасансүрэн гуай, Я.Сумъяагийнхаа араас авч буйдаа туйлын баяртай байна. Өмнө нь сэтгүүлчдийн маш олон бүтээл, номыг редакторласан. Одоо ч СУИС-иас гаргаж буй ном бүтээлийг редакторлаж байна. Редактор хийх нь хүнд харагдахгүй ч чин сэтгэл, хүнлэг ёс зүй шаарддаг асар их чимхлүүр ажил. Хүний бичсэнийг муутгахгүй сайжруулдаг үнэхээр чухал ажил. Тэтгэвэртээ гараад ч хийх зүйл минь редакторлах ажил юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Ж.Баянсан: Шүүмж тухайн салбар, мэргэжилтний ажил урагшлахад тус нэмэр болдог
-Шүүмж гэж нэрлэхээр монголчууд шүүмжлэх юм уу, муу зүйлийг нь олж хардаг юм шиг сэтгэдэг. Уран зохиол, урлагийн бүтээлийг аль алиныг нь тэгж хардаг. Гэтэл шүүмж гэдэг үнэн хэрэгтээ судалгааны ажил юм. Сэтгүүлч бичсэн шүүмжээрээ нийгмээ үнэлж дүгнэж, ямар байвал зохих, аль нь сайн, юу болохгүйг задлан шинжилж буй. Иймээс өргөн олон нийт ийм бүтээлийг шүүмжилсэн гэдэг өнцгөөс биш, судалгаа шинжилгээ хийж, тухайн салбар, мэргэжилтний ажил урагшлахад, нийгмээ хөгжүүлэхэд тус нэмэр болдог гэж ойлговол зохистой юм.
Я.Сумъяа: Тэвдсэн үймсэн иргэдэд гадаадад ч монголд ч сэтгүүл зүй харах нүд, сонсох чих нь болсныг шүүмжийн бүтээлүүд тодотгож өгсөн
-“Ковидын үеийн сэтгүүл зүй” гээд тухайлсан нэг сэдэв зааж өгсөн. 16 бүтээлээс ковидын үеийн Монголын сэтгүүл зүй болоод ерөөс нийгмийн жаргал зовлонг толь мэт маш тодорхой гаргаж өгсөн. Эндээс сэтгүүлзүйд олзуурхмаар дүгнэлтүүд гарч ирсэн. Карантин тогтоогоод ирэхээр төр улс хүртэл самгардсан. Цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх вэ, иргэдийн амьдрал хэрхэн өрнөх юм гэх зэрэг асуудал гарсан. Үүнтэй адил хөлөөрөө хоолоо олж иддэг сэтгүүлчид ч хоригдсон. Энэ үед яах вэ гэсэн сорилттой сэтгүүл зүй тулгарсан. Сэтгүүл зүйн шүүмж бүтээлүүд дотор онцгой цаг үед онцгой нөхцөл байдалд сэтгүүл зүй яаж ажиллах вэ өөрийн гэсэн урьдчилсан бодлого дүрэм журамтай байх хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлсэн нь ач холбогдолтой. Тэвдсэн үймсэн иргэдэд харах нүд, сонсох чих нь гадаадад ч монголд ч сэтгүүл зүй байсныг шүүмж бүтээлүүд тодотгож өгсөн. Залуу судлаачид хоёр орны сэтгүүл зүйг харьцуулж, Герман, Монгол, Хятад, Францаас бүтээлээ ирүүлсэн нь онцгой байлаа.
П.Батхуяг: Шүүмжийн уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансаа жигд сайн байсан
-Эхний жилүүдэд сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаанд ирсэн материалыг хараад яг үнэндээ энэ шүүмж мөн үү гэдэгт эргэлзэж байв. Ихэнх нь сэтгүүл зүйн судалгааны бүтээлийнхээ нэг бүлгийг шүүмж хэмээн илгээх нь түгээмэл ажиглагдсан. Жилээс жилд шүүмжийн уралдаанд ирүүлсэн материалын чанар дээшилж байна. Ялангуяа энэ жил ирүүлсэн бүтээлийг харахад, бүтээлийн мөн чанар, бичлэгийн онцлог, шүүмжийн зүй тогтол, өвөрмөц тал руу хандсан нь Монголын сэтгүүлзүйд шүүмж судлалд өөрийн гэсэн өнгө төрхтэй, хэв шинжтэй хөгжиж байгааг илтгэж байна. Шүүмжийн уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансаа жигд сайн байсан. Энэ нь бид сэтгүүл зүйн судалгаа, шүүмж нь бие даасан зүйл гэдгийг анзаарч харж судалдаг болсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааныг олон жил зохиосны үр дүн гарлаа.
"БАЛДОРЖ" сан, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуультай хамтран 2015 онд “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” (Балдорж шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр) сэдэвт хурал, 2016 онд “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл (Балдорж шагналт шилдэг бүтээлийн жишээн дээр)” онол практикийн бага хурлыг зохион байгуулж байв. 2017, 2018 оны шүүмжийн уралдааны шилдэг бүтээлүүдийг 2018 онд эмхтгэн хэвлүүлж “Сэтгүүл зүйн шинжлэл” номыг хэвлүүлсэн бол 2019, 2020, 2021 оны уралдааны шилдэг шүүмжүүдийг өнөө жил эмхтгэж “Сэтгүүл зүйн шинжлэл II” номыг олны хүртээл болгожээ.