Бага насны хүүхдэд ямар тоглоом бэлэглэвэл дуртай байх вэ. Бэлэг зөвхөн өнгө тод, хөөрхөн байх нь хангалттай юу. Орчин үед хүмүүс хүрээлэн буй орчинд ээлтэй амьдралын хэв маягийг илүүтэй сонгож, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорих болсон. Энэ бол хамгийн сэтгэл татам тренд. Хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүнд ч энэ тренд бодитоор биеллээ олж эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнүүд төрөн гарсаар байна.
Аюулгүй байдалд тоглоомын материал, хэлбэр дүрс, будагч бодис, хэрэглэх зааврыг ч хамааруулдаг. Бас тоглоом аюулгүй байвал л болчихдог юм биш. Хүүхдүүдийг уйдаахааргүй, янз, янзаар тоглох боломжтой бол бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлж, анхаарал төвлөрөлтөд нь сайнаар нөлөөлдөг. Модон тоглоомын хурц ирмэггүй дугуйрсан хэлбэр нь хүүхдэд аюулгүйн дээр эерэг сэтгэгдэл төрүүлж, илүү аз жаргалтай болгодог аж. Гэхдээ үүсэл гарал нь тодорхой бус модон болон хуванцар тоглоом гэхээсээ илүүтэй үндэсний болон олон улсын стандартуудыг хангасан буух эзэн, буцах хаягтай монгол брэндээ сонгох нь зүйтэй гэсэн санааг хэлэх гэсэн юм.
Манай улсад тоглоомыг гар аргаар үйлдвэрлэдэг брэнд олон биш. Одоогийн байдлаар “Moileye”- ийн гэр бүлийнхнйг нэрлэж болно. Эднийх зөвхөн туулайн гэр бүл байсан бол өдгөө янзага, үнэг зэрэг өхөөрдөм амьтдаар бүл нэмсэн байна лээ. Мөн Boo хэмээх содон нэртэй модон тоглоом бий. Нярайд зориулснаас авхуулаад том, дунд, жижиг гэсэн багцтай. Мөн машины цуглуулгатай. Нарс, хуш болон органик зөөлөн, хөвөн даавуу, уламжлалт эсгий зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, харшил үүсгэхгүй материалыг ашиглан тоглоомоо бүтээдэг юм билээ.
Бэлтгэсэн Р.Жаргал