Хүүхдүүдэд Парламентын боловсрол олгох хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Хүүхдүүдэд парламентийн боловсролыг хэрхэн хүргэх вэ…Би бол маш энгийн, хөгжилтэй, ойлгомжтой олон талын хэлбэрийг бид хамтдаа олох ёстой гэж бодож байна. Үүнийг багш, сурагчдын оролцоонд тулгуурлаж хийвэл илүү үр дүнтэй. Дээр нь орчин үеийн технологийн хөгжлийг холбож, хүүхэд бүр бүх талаар оролцдог болох бүх боломжуудыг ашиглах хэрэгтэй. Шинэлэг АПП, Өсвөрийн парламентийн клубуудыг байгаль орчин, хүүхдийн эрх, боловсрол гэх мэтчилэн төрөлжүүлэх нь сонирхолтой хэлбэр байх болно.
Жишээ нь замын түгжрэл хотын иргэдийн том асуудал болсон. Эцэг эхчүүд энэ тал дээр байр сууриа илэрхийлдэг. Хамгийн их ачаалал үүсгэж байгаа асуудал бол хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс авах, хүргэж өгөхөөс үүдэлтэй гэж ярьдаг. Гаргалгаа гарцыг хайж байхдаа бид хүүхдүүдэд энэ асуудлаар оролцох дуу хоолойгоо хүргэх боломж олгодоггүй, бид ч хүүхдүүдээс асуудаггүй.
Гэтэл хүүхдүүд маань өглөө адилхан түгжирч, хичээлээсээ хоцорч, орой гэртээ харихын тулд маш олон цагийг автобусанд, машинд өнгөрөөж байгаа. Багш нарт ч ялгаагүй ийм асуудал, энэ бэрхшээл байдаг. Тэгэхээр асуудалд оролцох ёстой гол хүмүүс нь дуу хоолойгоо идэвхтэй хүргээсэй гэж бодож байна.
Ийм идэвхтэй харилцаа хүүхдүүд, эцэг эхчүүд, багш бидний бидний хооронд дутагддаг. Нийгмийн тулгамдсан олон сэдвээр хүүхдүүд баг болж, ангиараа, сургуулийнхаа хүрээнд хэлэлцүүлдэг, саналаа эцэслээд хууль тогтоох байгууллад ханддаг болох нь илүү ажил хэрэгч болно. Хүүхдүүд эерэг хандлага нийгэмд тогтоож чадах тусам өөрсдөөрөө бахархах болно. Нийгэмдээ манлайлагчид болж чадна” хэмээлээ.