Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев манай улсад зочлоод, буцлаа. Түүний ирсэн гол зорилго нь хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэлийг эрчимжүүлэх, бусад чиглэлээр хамтран ажиллах байв. Тухайлбал, жилд гурваас доошгүй удаа хамтарсан бэлтгэл хийлгэхээр болжээ. Хойд хөршийн чөлөөт бөхийн тамирчид олимп, дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргадаг, алдартай аварга олонтой. “Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэлүүдийг үр дүнтэй ашиглаж чадвал Монгол Улс уг төрлөөр олимпын анхны алтан медалиа авах боломж бий” гэж нийслэлийн Засаг дарга онцолсон юм. Ж.Тедеев нь улсынхаа шигшээ багийнхныг 2001-2012, 2016 оноос өнөөг хүртэл удирджээ. Энэ хугацаанд олимп, дэлхий, Европын АШТ-д багийн дүнгээр тэргүүлж чадсан байна. Тэрбээр Улаанбаатарт 1989 онд зохион байгуулсан ах, дүү найрамдалт армиудын СКДА тэмцээнд оролцож, 90 кг-ын жинд түрүүлж байжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг