Францын залуучуудын шигшээ багийнхан Монголын жүдо бөхийн холбооны урилгаар манай улсад ирж, дасгалжуулагч Халдо Мехеддигийнхаа удирдлагад хамтарсан бэлтгэл хийлээ. Тус багийнхан өчигдөр нутаг буцсан байна. “Парис-2024”, “Лос-Анжелес-2028” олимпод оролцохоор бэлтгэгдэж буй тэд ирэх жил эмэгтэйчүүдийн шигшээ багийнхантайгаа манайд дахин ирж, бэлтгэл хийхээр болсон аж. Францын жүдочид Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийдэг уламжлалтай. Тухайлбал, өмнө нь хамтарсан бэлтгэл хийсэн Тэдди Ринье тэргүүтэй тус улсын шигшээгийнхэн Токиогийн олимпоос багаараа алтан медаль хүртсэн билээ.
Жүдогийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлаар ОУХМ Б.Батгэрэл, ерөнхий менежерээр Б.Тэмүүлэн нарыг томилоод байна.