Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй нэгдсэн дээд лигийн тэмцээн Спортын төв ордонд уржигдар эхэллээ. Энэ удаагийн нэгдсэн тоглолтод 13 баг аваргын төлөө өрсөлдөх нь. Сагсан бөмбөгийн спортод 10 гаруй жил үргэлжилсэн талцал, үл ойлголцолд холбоод цэг тавьж, баг тамирчдаа нэгдсэн дээд лигийн тоглолтод оролцуулсан нь хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг их татаж байгаа. Тэр дундаа шилдэг тамирчдын тоглолтын өрсөлдөөнийг нэг дор харах боломж бүрдсэнээрээ онцлог юм.
Лигийн тоглолын салхийг “Багануур тулнууд”, “ШУТИС шаркс” багийнхан хагалсан юм. Мөн “Хасын хүлгүүд” болон “Эрдэнэтийн уурхайчид”, “Завхан brothers”, “Алдар танан гарьд” багийн тоглолтоор үргэлжилсэн. Долоо хоног бүрийн даваагаас бямба гараг хүртэл үргэлжлэх лигийн үеэр өдөрт зургаан багийнхан ур чадвараа сорих аж. Лигийн тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сард өндөрлөж, аварга баг, шилдгийн шилдэг тоглогчид тодорно.
Бэлтгэсэн Г.Бат