Улирлын эхэнд хоккей сонирхогчид болон тамирчид тун баяртай байлаа. NHL-ийн удирдлага мэргэжлийн хоккейчдыг Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохыг нь зөвшөөрсөн юм. Гэвч үүнээс хойш гуравхан сар өнгөрөхөд байдал тэс өөр болж хувирлаа. Лигийн 100 гаруй хоккейчин цар тахлын хязгаарлалтад орж, олон арван тоглолт үүнээс шалтгаалан цуцлагдсан нөхцөл байдалтайгаар шинэ он гарах гэж байна. Улирлын тоглолтуудыг хэвийн явуулах үндсэн зорилготой тус лиг ийм нөхцөлд тамирчдаа Хятад руу явахыг нь хориглохоос өөр аргагүй болж байх шиг. Улмаар олимпын наадмын үеэр коронавирусийн улмаас тасалдаж, цуцлагдсан тоглолтуудаа нөхөх шийдэлд хүрэх магадлал өндөр байна.
NHL-ийн тоглогчдын холбоо олимпын наадамд мэргэжлийн хоккейчдыг оролцуулахгүй байгааг эрс эсэргүүцсээр ирсэн юм. Хоккейчид эл спортын хамгийн нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцохыг маш их хүсдэг хэмээн тэд маргалддаг байлаа. Гэтэл сүүлийн саруудад маш олон тамирчин хөл хорионы дэглэмийг өөрийн биеэр туулж байгаа учир илүү хатуу чанд, тусгаарлалт бүхий Бээжин рүү явахаас жийрхэх болсон аж.
Энэ мэт шалтгааны улмаас NHL ойрын өдрүүдэд 2022 оны өвлийн олимпын наадамд оролцохоос албан ёсоор татгалзаж буйгаа албан ёсоор зарлах бололтой. Өдгөө лиг болон тоглогчдын холбооны төлөөлөгчид энэ асуудлаар идэвхтэй хэлэлцэж байгаа юм.