Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 14-ний 50 дугаар тогтоолоороо Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Эл хөтөлбөрийн хэрэгжилтэд Монгол, Хятадын боловсрол соёлын “Тэнүүн гүүр” төвөөс хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар хийсэн уг үнэлгээгээр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн жилүүдэд иргэд эрх зүйн мэдлэг бага ч атугай эзэмшсэн үү, хуулийн хүрээнд өөрийгөө хамгаалах чадвартай болсон, эсэхийг түүвэр санал асуулгаар судалсан юм билээ. Гол зорилго нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжүүлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, мэдээлэл, харилцааны сувгийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн зарим арга хэмжээний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах аж.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эл хөтөлбөрийг 2023 он хүртэл таван жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлж буй. Эхний үе шатыг 2018-2020 онд хэрэгжүүлсэн бол хоёр дахийг нь 2023 он хүртэл хэрэгжүүлнэ. “Тэнүүн гүүр” төвөөс хөтөлбөрийн эхний үе шатанд үнэлгээ хийжээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхэн дээрх хөтөлбөрөөр дамжуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх зүйн боловсролыг аль болох энгийн ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх үндсэн үүрэг хүлээсэн билээ. Иргэд тулгарсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэдэг чадвартай болж гэмээнэ хөтөлбөрийн зорилго, тус хүрээлэнгийнхний хүлээсэн үүрэг биелэх учиртай. Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сард “Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх замаар тэдэнд хуулиар олгосон боломж, бололцоог ойлгуулах, улмаар түүнийг ашиглан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадвар, чадавх, нөхцөл боломжийг бий болгох нь хөтөлбөрийн гол зорилго. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хийсээр ирсэн. Улс орон даяар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч Эрүүл мэндийн яам болон цагдаагийн байгууллагын зүгээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх маш олон ажилд санаачилга гарган идэвхтэй ажилласныг дурдах нь зүйтэй” хэмээн онцолж байсан.
Тэгвэл “Тэнүүн гүүр” төвөөс хийсэн үнэлгээгээр дээрх хөтөлбөрийн хэрэгжилт үр өгөөж багатай байсан гэж дүгнэжээ. Хэрэглэгчийн үнэлгээний судалгаанд нийслэлийн долоон дүүргийн 383 иргэнээс санамсаргүйгээр сонгон хамруулсан гэнэ. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018-2020 онд www.e-khutuch.mn эрх зүйн хөтөч цахим хуудас, “Хууль зүйн луужин 1” нийгмийн сүлжээний хуудас, хууль зүйн зөвлөгөө мэдээллийн 1200-1202 тусгай дугаарын үйлчилгээг бий болгож, ашиглаж эхэлсэн. Эдгээр үйлчилгээг бий болгосноор иргэд орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлсэн гэж үнэлжээ. Гэхдээ эрх зүйн хөтөч нь иргэнд зөвлөгөө өгөх боломж хязгаарлагдмал гэж үзсэн байна. Мөн www.e-khutuch.mn цахим хуудасны хэрэглээг Төрийн байгууллагын цахим хуудсанд тавих шаардлага MNS 6285: 2017 стандартын дагуу үнэлэхэд 44 хувьтай буюу муу дүн авчээ. Өөрөөр хэлбэл, тус цахим хуудас нь хэрэглэхэд төвөгтэй, бас ойлгомжгүй байжээ. Харин цахим хуудасны хүртээмжийг Цахим хуудсын агуулгын хүртээмжийн олон улсын стандарт 1.0-ийн долоон заалтын дагуу үнэлэхэд тавыг нь зөрчсөн байж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэн тус цахим хуудсыг хэрэглэхэд боломж хязгаарлагдмал хэмээн дүгнэхэд хүргэжээ.
Улмаар уг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан эрх зүйн сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичиг боловсруулахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэнэ. Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг авч үзэхэд сургалтын материалыг бэлтгэхдээ харааны бэрхшээлтэй иргэнд зориулаагүй байжээ. Нэмж хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх хүний нөөц бэлтгэхдээ эрх зүйн хөтчид эрх зүйн мэдлэг олгоход л түлхүү анхаарч, дохионы хэл заах сургалтад төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн хөтөч нарыг бэлтгэж эхэлсэн. 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн ЗДТГ-ыг эрх зүйн хөтөчтэй болгох зорилт тавьсан. Улмаар өнгөрсөн хугацаанд нийслэл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Увс, Хэнтий, Дорноговь, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь аймагт 30 гаруй удаагийн сургалт зохион байгуулж, 1600 хүнийг эрх зүйн хөтчөөр бэлтгэсэн байна. 2018, 2019 онд иргэд хөдөлмөрийн харилцаа, гэр бүл, хүүхдийн тэтгэлэг, зээлийн гэрээ, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагч, иргэний процесс, нийгмийн даатгал, газар, захиргааны акт, эрүүгийн процесс гэсэн чиглэлээр түлхүү зөвлөгөө авчээ. 2020 онд “Хууль зүйн луужин-1” нийгмийн сүлжээний хуудсаар түгээсэн хууль зүйн зөвлөгөө мэдээллийн 39 хувь нь дээр дурдсан чиглэлд хамаарч байна. 2019, 2020 онд Хууль зүйн зөвлөгөө мэдээллийн 1800-1202 тусгай дугаарын утас болон “Хууль зүйн луужин-1” нийгмийн сүлжээний хуудсаар 7726 иргэн хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авсан аж. Тэдний ихэнх буюу 89.2 хувь нь тусгай дугаарт холбогдсон бол 10.8 хувь нь нийгмийн сүлжээний хуудсанд ханджээ. Өөрөөр хэлбэл, иргэд эрх зүйн хөтөч, хуульчтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авахыг илүүд үздэг нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байна. Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт нь цаг үеэ олсон чухал шаардлагатай ажил тул цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үнэлгээний баг дүгнэжээ.
Улмаар зарим санал зөвлөмжийг хөндлөнгийн үнэлгээний төгсгөлд дайжээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааны давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмж өгсөн байна. Тодорхой хэлбэл, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийн контентыг бэлтгэхдээ дүрс бичлэгт дохионы хэлмэрчээс гадна хадмал бичвэр оруулдаг байх, ном, гарын авлагыг брайл үсгээр хэвлэх, ярьдаг номыг цаасан номтой цуг гаргах шаардлагатай аж. Мөн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлыг хариуцах болон хамтран хэрэгжүүлэх байгууллагыг шууд тодорхойлохыг зөвлөсөн байна. 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулсан. Зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж, 18 байгууллагаас 23 хүн бүрэлдэхүүнд нь багтдаг билээ. Тэгвэл эл 18 байгууллагын яг аль нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг гардаж хэрэгжүүлэх нь тодорхой бус гэдгийг хөндлөнгийн шинжээчид хэлж байна. Мөн хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхдээ зөвхөн нийслэлийнхнийг хамруулах бус, зорилтот бүлэг, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг түлхүү авч үзэх, судлах шаардлагатайг үнэлгээнд дурдсан байв. Ерөнхийд нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд 68.3 хувь гэсэн үнэлгээ өгч, хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхдээ илүү эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.