Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 47.4 хувиар өсжээ. Үүнд эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн орлого гурван их наяд төгрөгөөс давж, 2020 оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн нь нөлөөлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын 27.7 хувийг уул уурхайн салбараас, 1.4 хувийг газрын тосны экспортоос олжээ. Түүнчлэн уул уурхайн олборлох салбараас 3.7 их наяд төгрөг хуримтлуулсан бөгөөд зэсийн экспортоос 2.3 их наяд, нүүрснийхээс 732, алтны борлуулалтаас 212.3 тэрбум төгрөг бүрдүүлжээ. Ташрамд дурдахад, 1-11 дүгээр сард төлөвлөснөөс 50 хувиар бага нүүрс экспортолсон бол зэсийн борлуулалтын төлөвлөгөөг 112.4 хувиар давуулан биелүүллээ.
Бэлтгэсэн С.Дулам