Манай улсад эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд адил тэгш эрхтэй юү. Ерөнхийд нь харвал шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн оролцоо их, харин нийгмийн хамгааллын талаасаа эмэгтэйчүүд илүү эрхтэй мэт харагдаж байна. Ялангуяа халамжийн чиглэлд эмэгтэйчүүдийн эрх давамгай, харин аавууд бараг эрхгүй шахам байдаг мэт дүр зураг бий. Тухайлбал, гэр бүл салахад хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг голчлон ээжид өгдөг бичигдээгүй хууль манай улсад байна. Шүүхийн практикт хүүхдүүдийг эцгийн асрамжид өгөх тохиолдол нь маш бага буюу ердөө хоёр орчим хувьтай аж.
Иргэний хэрэг, тэр дундаа гэр бүлийн маргаан шийдвэрлэх чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн шүүгч “Шүүхээр гэр бүлийн маргаан шийдвэрлэхдээ эцэг, эхийнх нь аль алиных нь хувийн нөхцөл байдал хүүхдэд яаж нөлөөлөх вэ гэдэг талаас нь авч үздэг. Хүүхдэд ямар орчин таатай вэ гэдэг нь нэгдүгээр асуудал. Гэр бүлийн маргааныг зөвхөн шүүгч шийддэггүй. Үндсэндээ эхнэр, нөхөр хоёрын аль алиных нь хариуцлага, чадамжийг нотолсон баримтууд нь шийддэг гэхэд буруудахгүй. Шүүгч тэдний бүрдүүлж ирсэн “цаас”-нууд дээр ажиллаж, дүгнэлт гаргадаг. Мөн дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт чухал. Сургалтын байгууллагын зүгээс гаргадаг тодорхойлолт ч нөлөөлдөг. Жишээ нь, сургалтын байгууллагаас тухайн эцэг, эсвэл эх хүүхдэдээ хэр анхаарал тавьдаг вэ. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь цагт нь авдаг уу, халамжтай юу гэх зэргийг тодорхойлолтдоо тусгадаг. Мөн гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэж шийдвэр гаргадаг. Олон жилийн туршлагаас харснаа хэлэхэд, шийдвэр гаргах мөчид эх дээр бүхий л жин буугаад ирдэг дээ. Дээрх дурдсан үзүүлэлтүүдийг харахад, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс олон хувь дутуу байдагт л учир бий. Түүнээс биш хуулийн заалтуудад хүүхдийг эцэг нь асарч болохгүй гэж тусгаагүй. Манай улсын Гэр бүлийн тухай хууль нэлээд хуучирсан нь үнэн. Гэсэн ч тэнд гэр бүл салахад хүүхдүүдийг заавал ээжид нь өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гол төлөв хариуцлагатай асран хамгаалагчийн талд гардаг” гэсэн юм.
Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д “Гэрлэгчид хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн, эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор маргалдагч талууд шүүх хуралд ирэхдээ хэн нь хүүхдээ авах талаар тохирсон байх нь элбэг гэнэ. Цөөн тохиолдолд эцэг, эх хоёр хуралдааны үеэр маргадаг. Эцэг юм уу, эх хүүхдээ авах гэж улайрах шалтгаан нь гэр бүлийн дундаа өмчлөх эд хөрөнгөтэй холбоотой байдаг аж. Энэ талаар дээр дурдсан шүүгч “Хүүхдээ асрамждаа авсан тал нь нөгөө талаасаа тэтгэлэг гаргуулах нь бий. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэтгэлэг гаргуулъя гэсэн хүсэлт тавьж болдог. Хэрэв шүүхээр шийдүүлээгүй бол нөгөө тал нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байж болдог. Эцэг ч, эх ч тэр. Тэгэхээр эцгүүдийн эрх зөрчигдөж, эх нь хожоод байна гэсэн агуулга хуульд байхгүй” гэсэн юм. Хууль, шүүхийн хүрээнд ийм байдаг байж.
… Манай улсын Гэр бүлийн тухай хууль нэлээд хуучирсан нь үнэн. Гэсэн ч тэнд гэр бүл салахад хүүхдүүдийг заавал ээжид нь өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гол төлөв хариуцлагатай асран хамгаалагчийн талд гардаг…
Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлаар Жендерийн үндэсний хороонд хандлаа. Гэтэл тус байгууллагаас эмэгтэйчүүдэд давуу байдал үүсдэг бус, харин ч тэдний эрх зөрчигдсөн асуудал олон тулгарч байгааг хэлэв. Жендерт суурилсан, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах зэрэг асуудлаар үндэсний хэмжээнд явуулсан судалгааны дүнд хохирогчдын дийлэнх буюу 80-90 хувь нь эмэгтэй байгааг тогтоожээ. Тийм учраас Жендерийн үндэсний хорооноос жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд эмэгтэйчүүдийн эрхийн талаар олон нийтэд зөв ойлголт өгөх чиглэлээр ажиллаж буйгаа хэллээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд ихэнхдээ хүчирхийлэл үйлдээд байна, шалтгаан нь юу вэ гэдгийг ойлгуулахын тулд эмэгтэйчүүд рүү илүүтэй хандахад хүрдэг аж.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан, хүн амын цаг ашиглалтын судалгааны дүнг үзэхэд хөлсгүй хөдөлмөр буюу гэрийн ажилд ихэнх цагаа зарцуулдаг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд аж. Бизнес эрхлэгчдийн тухайд гэвэл бичил, жижиг, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа нь голчлон эмэгтэйчүүд. Харин томоохон бизнес эрхэлдэг нь эрэгтэйчүүд юм байна. Эмэгтэйчүүд гэртээ хөлсгүй хөдөлмөр эрхлээд байгаагийн гол шалтгаан нь тэдний чадваргүйд биш, эсвэл ажил олддоггүйтэй ч холбоотой бус. Харин амьдралын шаардлагаар хүүхэд төрүүлж, өсгөх хэрэгтэй болдог бөгөөд ажил, албан тушаалд ахиж дэвших боломжийг нь хязгаарладагтай холбоотой байна. Тиймээс тэдэнд эрчүүдтэй адил тэгш боломж олгох, нэг гараанаас эхлүүлэх гэх зэрэг бодлого шаардагддаг гэнэ.
Монголд төдийгүй дэлхий дахинд голдуу эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд, эсвэл илүү их үнэлэгддэг салбарт ажиллаж, цалин хөлс өндөр авдаг. Нэгэнт гэр бүлд ийм нөхцөл байдал үүсэхтэй зэрэгцэн эхнэр нь гэртээ хүүхэд, хөгшдөө асрангаа ойр зуурын ажил хийх шаардлагатай болдог. Тиймээс эмэгтэйчүүдээ сэтгэл санаа, хөрөнгөөр дэмжих нь улс орнуудын төрийн бодлогын цөмд байдаг аж. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт гэдэг нэр томьёо гарч иржээ.
Манай нийгэмд жендер гэдэг ойлголт бий болсоор удсан ч бүдүүлгээр хэлэхэд энэ нь эмэгтэйчүүдийг “өөд нь татаад”, эрчүүдийг “тойргийн гадна үлдээх” гэж ойлгодог бүхэл бүтэн “арми” бий. Тэгвэл энэ нь эрчүүдийг голох, тоохгүй байх, эмэгтэйчүүдийг өмнөө барьж, магадгүй “тахин шүтэх” тухай ойлголт огтоос биш. Ердөө л төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг адил түвшинд авч үзэж, эрх тэгш байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулахын нэр. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх хүйсийн эрх тэгш байдлыг хангаж, хандах л гэсэн үг. Ямар чиглэл, салбар, үйл ажиллагаанд аль нэг хүйсийнхний эрх илүү зөрчигдөөд байна, түүний эрхийг хангуулахтай холбоотой арга хэмжээ авах нь улс орон бүрийн Жендерийн үндэсний хорооны ажил, үүрэг. Тэд ажлаа эрэгтэй ч, эмэгтэй ч хүмүүс рүү чиглүүлдэг.