Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд 2019 онд худалдан авсан бүх төрлийн автобензиний хэмжээ 550 000 гаруй гэж дурдсан байна. Мөн өнгөрсөн жил 586 000 орчим тонныг импортлон, нийт 55 сая гаруй ам.доллар зарцуулсныг тэмдэглэжээ. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилд хоёр сая гаруй тонн дизель түлш импортлоход 110 сая орчим ам.доллар төлсөн аж.
Манай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын шатахуунд зарцуулсан хөрөнгө улсын төсвийн багагүй хувийг эзлэхээр том дүн. Гэтэл хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг химийн бодистой холин дизель түлш, автобензинтэй ойролцоо шинж чанартай шатахуун “үйлдвэрлэдэг”, шатахуунд бусад хольц хийн хэмжээг нэмэн борлуулдаг гэсэн мэдээлэл 2012 оноос түгсэн. “Чанар, стандартын шаардлага хангаагүй, хольж найруулсан бүтээгдэхүүнийг автомашинд хийвэл хөдөлгүүрийн эвдрэл гэмтэл их гардаг. Тийм шатахуун дутуу шатдаг, ууршилт ихтэй учраас зарлага нэмэгддэг. Мөн автомашины хөдөлгүүрт тортог их үүсгэсний улмаас доголдон, очлуураа хаяхаа болин, бензин насос эвдэрч байна” хэмээн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос удаа дараа дурдаж байв. Тус холбооныхон “Керосин, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг нефтийн туслах бүтээгдэхүүн хэдэн зуун тонноор импортолдог. Орчин үед керосин хэрэглэдэг техник, үйлдвэр байхгүй. Тиймээс ийм түүхий эдийг хооронд нь найруулж, дизель түлш, автобензин рүү дөхүүлсэн бүтээгдэхүүн хийгээд түүнийгээ борлуулдаг компани байдгийг бид мэдээлж байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан, Ашигт малтмал, газрын тосны газрынхан (АМГТГ) “Аж ахуйн нэгжүүд хольцтой шатахуун зардаг нь нотлогдохгүй байна” гэсээр асуудлыг замхруулсан” хэмээсэн юм.
Түүнчлэн октан тоондоо хүрэхгүй шатахуун борлуулж хэрэглэгчдийг хохироож буй талаар өнгөрсөн долоо хоногт цахим орчинд иргэд шуугьж, октан хэмжигч багажны зургийг хавсарган үзүүлсэн. Зарим иргэнээс хэрэглэж буй шатахуун нь чанарын шаардлага хангадаг, эсэхийг лавлалаа. Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн Ц.Мөнхтөр “Машины яндангаас хэт хар утаа хаяад байх шиг санагддаг. Шатахуунаас болж хөдөлгүүр доголддог, эсэхийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан “Nissan fuga” машины минь мотор цохисон. Засварчид хэлэхдээ муу шатахуун хэрэглэсний гор л гэсэн. Түүнчлэн А-80 автобензин Улаанбаатарт бараг борлуулахаа больсон нь АИ-92 хэмээн зарж буйтай холбоотой гэж хүмүүс ярих юм, үгүйсгэмгүй санагдсан” хэмээв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй холбогдон зарим зүйлийг тодрууллаа.
-Чанарын шаардлага хангахгүй шатахуун борлуулж буй талаар иргэд хөндөж эхэллээ. Ийм гомдол, мэдээллийг танай байгууллагад хэр ирүүлж байна вэ?
-Чанарын шаардлага хангахгүй шатахуун худалдан авсан, автомашиндаа хийсэн бензин нь хэт ууршилттай учраас төлөвлөсөн зарцуулалтдаа хүрээгүй, эсвэл шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнээ дутуу шахдаг гэсэн гомдол тасардаггүй. Бид ч тухай бүрт нь шалгадаг.
-Шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдээс ямар зөрчил илэрдэг юм бэ?
-Манай байгууллага Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран 2020-2021 онд Улаанбаатарт болон Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун түгээх станцыг хамруулсан гурван томоохон шалгалт хийсэн. Дийлэнх шатахуун түгээх станцад стандартын шаардлага хангаагүй, октан тоондоо хүрээгүй шатахуун борлуулж байсан зөрчил илэрсэн. Улмаар газрын тосны бүтээгдэхүүн импортолдог 17 аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, өдгөө ч шүүхийн асуудал дуусаагүй байна. Зөрчил гаргасан компани тус бүрийг есөн сая төгрөгөөр торгосон.
-Гэсэн ч шатахууны чанар сайжраагүй, хэрэглэгчид бухимдсан хэвээр байна. Хэзээнээс аж ахуйн нэгжүүд чанартай шатахуун борлуулуулж эхлэх юм бол. Яг одоогоор энэ талаар танай байгууллага ямар ажил хийж байна?
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд зааснаар газрын тосны бүтээгдэхүүний найрлагыг тогтоох, чанар, стандартыг мөрдүүлэх ажлыг АМГТГ хийнэ. Тус газарт л лаборатори байгаа учраас бид дээж аваад ч тэдний лабораторид шинжлүүлдэг гэсэн үг. АМГТГ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад шалгалт хийж эхлээд буй юм билээ. Манайхыг болон МХЕГ-ынхныг оролцуулаагүй нь учир дутагдалтай. Бид тэр шалгалтад оролцох санал тавьсан ч хүлээн аваагүй. ШӨХТГ-ын даргын хувьд ч иргэний хувьд ч би манайд борлуулж буй шатахуун чанарын шаардлага хангадаггүй, “но”-той гэж хэлнэ гэв.
Тэгвэл АМГТГ-ынхан “Улаанбаатарын бүх шатахуун түгээх станцаас дээж аваад шалгаж буй. Шалгалтын үр дүн хараахан гараагүй байна. Ажлаа дуусаад тодорхой мэдээлэл өгье” хэмээв.
Мөн шатахууны чанарт эргэлздэггүй хүмүүс байдаг аж. Баянгол дүүргийн иргэн Г.Амарболд “Би хувьдаа Монголд борлуулж буй шатахууны чанарт эргэлздэггүй. Автобензин болон дизель түлшний химийн найрлагад үндэслэн бодвол ямар нэгэн хольц хийсэн тохиолдолд нягтын зөрүүнээс тэр нь ялгарч, эсвэл тунаж, хөвж харагдах биш үү. Шатахуунд ус хольдог ч гэж манайхан их ярьдаг. Ийм боломж ч байхгүй. Устай шатахуун хийсэн автомашин хөдлөхгүй, мотор шууд эвдэрнэ. Муу шатахуун бид хэрэглэдэг юм бол бүх автомашин эвдэрсэн байх ёстой” гэлээ.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, газрын тосны сургуулийн тэргүүлэх профессор, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Цэвээнжаваас манай улсад борлуулж буй шатахууны чанарын талаар тодрууллаа. Тэрбээр “Нефтийн дайвар бүтээгдэхүүнийг нийлүүлж, хольж, мөн шатахуунд нэмэн бүтээгдэхүүн гарган авдаг талаар цөөнгүй сонсдог. Гэхдээ үүнийг но толж чадахгүй байгаа. Хэрэв иргэн хуурамч шатахуун хэрэглэсэн учраас автомашин нь эвдэрсэн гэж үзвэл МХЕГ, АМГТГ, ШӨХТГ зэрэг байгууллагад хандаж болно шүү дээ. Баримт, нотолгоотойгоор ийм зүйл ярих хэрэгтэй. Үүнээс гадна шатахууны импортын зах зээлийг чөлөөлж, сонирхсон аль ч аж ахуйн нэгж импортолдог болгон, тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь зүйтэй. ОХУ-ын шатахуун түгээх станц оруулж ирсэн ч болно. Ингэж өрсөлдөөн үүсгэж байж чанартай, хямд бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг. Монопол байдал бол цаанаа сөрөг үр дагавар агуулдаг. Олон аж ахуйн нэгж шатахуун борлуулдаг, хэрэглэгчид бүтээгдэхүүнийх нь чанараар сонголт хийдэг бол асуудал үүсэхгүй” гэв.
“Магнай трэйд” компанийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Би компаниа төлөөлж үг хэлэх эрхгүй ч импортлогчид, эсвэл өөр аж ахуйн нэгжүүд хуурамч шатахуун “үйлдвэрлэн” борлуулдаг гэдэг нь ташаа ойлголт. Нефтийн гаралтай олон нэр, төрлийн бүтээгдэхүүн холиод, автобензин, дизель түлш болгоод, түүнийгээ хөдөлгүүрт хэрэглэх ямар ч боломж байхгүй. Тийм холимог хэрэглэсэн автомашин асах ч үгүй. Иргэдийн хар сэр, цуу ярианд үндэслэн хуурамч шатахуун гэсэн ойлголт бий болсон” гэв.