“Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын дэмжлэгтэйгээр Төрийн ордонд өнөөдөр “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо. Тус хэлэлцүүлгийн зорилго нь согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг судлах, цаашид шийдвэрлэх асуудлын гарц шийдлийг тодорхойлоход чиглэсэн юм. Хэлэлцүүлэгт Хууль, зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төв, Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Дотоод хэргийн их сургууль, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжийн нийгэмлэг“ ТББ зэрэг байгууллагын 40 орчим төлөөлөл оролцож санал, шүүмж солилцлоо. Хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шийдвэрлэх асуудал” сэдвээр илтгэл, мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад төрөл бүрийн донтолтоос урьдчилан сэргийлэх, түүний эмчилгээ, сэтгэл зүйн болон нийгмийн ажил үйлчилгээ, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, нэгдмэл тогтолцоог бий болгох, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн чиглэлүүдээр ажил хэрэгч чухал асуулт, хариулт өрнөж, оролцогчдын идэвх сайн байгааг хуралдаан даргалагч тэмдэглэлээ.Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дэвшүүлсэн шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналуудыг тодорхой ажил хэрэг болгон ойрын хугацаанд зөвлөмж гарган хэрэгжүүлэн ажиллахаар тогтон, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.