ОХУ-ын Москва хотын зүүн өмнөд хэсэгт энэ сарын 7-нд нэгэн эрэгтэй хүн гал нээснээс хоёр хүн амиа алдаж, гурван иргэн шархаджээ. Шархдагсдын нэг нь 10 настай охин. Тэрбээр энд аав, ээжтэйгээ явж байжээ. Гэмт этгээд эхлээд уг спортын төвийн ажилтан руу бууджээ. Дараа нь охин руу буугаа чиглүүлсэн байна. Шархадсан охиныг эмнэлэгт хүргэв. Мэс засал хийж, охины амийг аварчээ.
Гэмт хэрэгтнийг Дотоод яамны дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын ажилтан, ахлах дэслэгч Георгий Домолаев баривчилсан аж. Тэрбээр буун дуу сонсоод хонгилд очиход хүмүүс буудсан хүнийг зааж өгсөн байна. Тэр нь 45 настай, Москвад оршин суудаг армийн дэд хурандаа цолтой, чөлөөнд байгаа Сергей Глазов гэгч байв. Гадаад тагнуулын албанд ч ажиллаж байсан нэгэн. Тус төвийн хамгаалалтын албаны хүмүүс Глазовыг амны хаалт зүүхийг шаардахад дэд хурандаа татгалзсан, үүнээс үүдэн тэд маргалдаж улмаар түүнийг гадагш гаргахыг хамгаалагчид оролдоход Глазов буугаа гаргаж иржээ. Уг хэргийг хууль сахиулагчид мөрдөн шалгаж байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант