Хүүхдийн зохиолч гэдгээрээ олон нийтэд танил болсон Пол Лоуг педофилийн хэрэгт буруутган, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд баривчилжээ. АНУ-ын Калифорни мужийн нэгэн бага сургуульд багшаар ажиллаж байхдаа сурагчдыг хүчирхийлдэг байсан хэмээн түүнийг одоогийн байдлаар 14 хэрэгт буруутгаж буй аж. “20 гаруй жилийн өмнө Риверсайд хотын дунд сургуулийн сурагч байхдаа багш Пол Лоуд хүчиндүүлсэн” гэж хохирогч, өдгөө 32 настай эрэгтэй хуулийн байгууллагад анх мэдүүлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхүүлсэн юм байна. Багшийнхаа хүчинд автаж бузарлуулсан хүүхдүүдийн олонх нь дөрөвдүгээр ангид сурдаг байж. Пол Лоу Риверсайд дахь Тафт бага сургуульд 1997-2002 он хүртэл таван жил багшлахдаа багадаа 14 хүүхдэд бэлгийн дарамт учруулснаас гадна 1990-ээд оны эхээр хөлбөмбөгийн өсвөр үеийнхний багийн дасгалжуулагч байжээ. Тэр үеэс хүүхдийн ном бичдэг болсон гэх, өдгөө 61 настай түүний хохирогчийн тоо нэмэгдэж магадгүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 13-нд Беларусь улсад нэгэн гэрэл зурагчин өсвөр насны охидын нүцгэн зургийг зарж байхдаа баривчлагджээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил ийм “бизнес” эрхэлдэг байсан бөгөөд зургуудыг өөрөө авдаг байсан гэнэ. 5-12 насны 20 охин зургийг нууцаар авсан, хүүхдийг садар самуунд уруу татсан, мөн педофилийн хэргээр яллагдагч болсон тэрбээр порно зураг, бичлэг хийж, худалддаг сүлжээнийхэнтэй холбоотой нь тогтоогдсон байна. Түүний мэдүүлснээр зарим охины ээж нь зураг авах ажиллагаанд оролцсон аж.
Ташрамд өгүүлэхэд, педофили гэдэг нь грекээр хүүхэд ба хайр гэсэн үг бөгөөд англиар багачуудыг бэлгийн харьцаанд уруу татах гэсэн утгаар хэрэглэдэг. Үүнээс улбаалан хүүхэд хүчирхийлэгчийг педофили гэж нэрлэдэг.
Бэлтгэсэн Ж.Хаан