Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв болон БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсныг өчигдөр мэдээллээ. Тодруулбал, талууд олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болгох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргах аж. Түүнчлэн техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийг төлөвлөн, бүс хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтарсан мэргэжлийн баг байгуулан, туршлага солилцох мөн хүний нөөцийг чадавхжуулах зэргээр ажиллахаар тохиролцжээ. Санамж бичигт Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргааны комиссар Ии Вон Жэ нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Бэлтгэсэн С.Дулам