Төрөх буюу амаржих үеийн хүчирхийлэл Монгол Улсад газар авсан учраас үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай талаар НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем саяхан мэдэгдлээ. Тэрбээр манай улсад 10 хоног ажиллахдаа ийм асуудал байгааг олж харж, анхааралдаа авах шаардлагатайг зөвлөжээ. Харин манай холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус байгууллагынхан, тэр тусмаа эрүүл мэндийн салбарынханд энэ талаар дуулгахад эвэртэй туулай үзсэн мэт хүлээн авлаа. Бүр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан хүртэл төрөх үеийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх дургүй байна. НҮБ-ын тусгай илтгэгчийн сонорт хүрсэн уг асуудал манай төрийн болон төрийн бус аль ч байгууллагынхны анхааралд өртсөнгүй.
Тусгай илтгэгч Рийм Алсалем төрөх үеийн хүчирхийллийн талаар “Хүүхдээ төрүүлэх явцад эмэгтэйн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэс ажиллавар хийх, эсвэл дарамт үзүүлж, хэл амаар доромжлох зэрэг нь төрөх үеийн хүчирхийлэлд тооцогдоно. Үүнийг шийдэх арга нь тэр бүр тодорхой байдаггүй. Учир нь ихэвчлэн эмч, үйлчлүүлэгч хоёрын хооронд, төрөх үед болдог үйл явц. Гэвч энэ бол эмэгтэйчүүдийн эсрэг хүний эрхийн том зөрчил. Миний хувьд энэ талаар дэлгэрэнгүй судалгаа хийх боломж олдсонгүй. Иймд асуудлыг нарийвчлан судалж, эргэж хөндөх болно. Эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг цогцоор нь харна” гэсэн юм.
Төрөх үеийн хүчирхийллийн асуудалд анхаарч, арга хэмжээ авдаг, эсэхийг Хүний эрхийн үндэсний комиссынхноос тодруулахад “Энэ асуудлаар манайд гомдол ирвэл шалгаад, шийдвэрлэнэ. Гэхдээ үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл ирж байгаагүй. Судалгаа байхгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь ийм асуудал гардаг. Асуудлыг шийдэхийн тулд эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах нь чухал” гэв. Түүнчлэн энэ хүрээний асуудал нь хүчирхийлэлд хамаарах, эсэх талаар лавлахад “Төрөх эхийг зодож цохисон асуудал гарвал хүчирхийлэлд тооцогдоно. Харин загнасан, доромжилсон бол бол харилцааны ёс зүйн асуудал гэж үзнэ. Хамгийн гол нь хүний эрхийг хүндэтгэх ёстой. Эрх эдлэгч ч, үүрэг хүлээгч нь ч тэр. Эрхээ эдэлж байхдаа үүрэг гэдэг зүйлийг хэзээ ч мартаж болохгүй. Бид махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн, үл хайхрах гэсэн хүчирхийллийн таван хэлбэрийг манай улс холбогдох хуулиуддаа тусгасан” хэмээлээ.
Хөвсгөл аймагт оршин суудаг иргэн Б тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй. Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө нөхөртэйгөө танилцжээ. Тэднийг гэр бүл болох үеэс л асуудал эхэлсэн аж. Тухайлбал, гэрлэснийг нь буруушаах, амьдралаа авч явж чадахгүй хэмээн хөөрхийлөх хүн олон байжээ. Анхны хүүхдээ төрүүлснийх нь дараа “Илүү олон хүүхэд гаргах хэрэггүй, өсгөж чадахгүй” гэж эргэн тойрных нь хүмүүс зөвлөж байж. Улмаар гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа эмч нар түүнд болон нөхөрт нь хэлэлгүйгээр дахин жирэмслүүлэхгүй байх мэс ажиллавар хийжээ. Мэс ажиллавар хийснийг бүсгүй багагүй хугацааны дараа мэдсэн байна. Хүний нөхөн үржихүйн эрхэд бүдүүлгээр халдсан эл үйлдлийн төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд тийм хууль, эрх зүйн орчин ч манай улсад байхгүй. НҮБ-ын тусгай илтгэгч ч үүнийг олж харж, “Төрөх үеийн хүчирхийллийг илрүүлж, хариу арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хууль, журам Монголд байдаггүй” хэмээн онцолсон билээ.
Ийм асуудал гарсаар байгаа атал манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд нүдэн балай чихэн дүлий байна. Дээр дурдсанчлан хүчирхийлэл гэж огт хүлээж авдаггүй, байх л ёстой, хэвийн зүйл мэт үздэг нь алхам тутамд анзаарагдаж байна. Тухайлбал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс төрөх үеийн хүчирхийллийн эсрэг ажилладаг, эсэхийг нь тодруулахад гол асуудлыг, юуны тухай ярьж байгааг ч ойлгосонгүй. “Ийм хүчирхийлэл байдаг юм уу” гэж сөргүүлэн асуулаа. Учрыг тайлбарлахад “Манайд судалгаа, мэдээлэл одоохондоо алга. Бид голчлон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах чиглэлээр ажилладаг. Ийм гомдол ирж байгаагүй” гэлээ. Жендерийн үндэсний хорооныхон ч асуултыг үүнтэй адилхан хүлээн авч “Манайх эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүй учраас хариулт өгөх боломжгүй. Эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн бол бий” гэв. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын эмнести интернэшнл”-ийнхэн ч төрөх үеийн хүчирхийллийн талын мэдээлэлгүй байлаа.
Амаржих үед голчлон ямар асуудлууд тулгардаг талаар эмэгтэйчүүдээс лавлахад “Эмч нар загнах, муухай аашлах нь элбэг. Жирэмсэлсэн нь алдаа юм шиг. Эмчийн өмнө гэмтэй мэт л байдаг. Төрөх гээд өвдөж байхад тоохгүй орхидог. Хурдан төрүүлэх гээд гэдсэн дээр дардаг, үүний улмаас аарцаг, нурууны эмгэгтэй болсон” гэсэн асуудлыг онцолж байлаа. “Би 2012 онд анхны хүүхдээ “Өргөө” амаржих газарт төрүүлсэн. Бусдын адилаар эмч болон сувилагч нарт гар цайлгах мөнгө бэлдээд, танил талаа бараадаж байж л амаржсан. Анх удаа төрсөн учраас юу ч мэдэхгүй байлаа. Амаржсаны дараа эмч надад “Хярзанг чинь хайчилсан шүү” гэж хэлсэн. Надаас асуухгүйгээр ийм арга хэмжээ авсан. Би ч тухайн үед сайн ойлгоогүй өнгөрсөн юм. Уг нь манай хүүхэд хэвийн буюу 3100 грамм жинтэй төрсөн. Эмч нар хурдан төрүүлэхээ бодоод зөвшөөрөл авалгүйгээр ийм “арга” хэрэглэдэг гэж дараа нь сонссон. Мөн амаржсаны дараа хамаг бие хөх няц болсон байсан. Ялангуяа хэвлий орчим. Тухайн үед төрөх эмнэлгүүдийн үйлчилгээ тааруу байв. Эмч нар нь загнадаг, алгаддаг, бүр цохиж авах нь энүүхэнд байлаа. Саяхан гурав дахь удаагаа амаржихдаа нөхцөл байдал арай дээрдсэнийг ажигласан. Хоёр дахь удаагаа амаржих үед өвдөж эхэлтэл “Төрөх болоогүй” гээд орон дээр гаргахгүй байсан. Тэр үед таних эмч, сувилагч байгаагүй болохоор намайг тоогоогүй” хэмээсэн юм. Бас нэгэн ээж “Таван жилийн өмнө нийслэлийн нэгэн амаржих газарт төрсөн. Сэтгэлээсээ ханддаг эмч байдаггүй. Би хүндрэлтэй төрсөн. Хүүхэд бүтчих шахсан гэж эмч нар сүүлд нь хэлсэн. Хүүхэд бүтэх гээд нэн даруй төрүүлэх ёстой байсан тул хярзан сэтэлж, оёдол тавьсан гэж бас дараа нь хэлсэн. Шаардлагатай арга хэмжээг шуурхай авсан байж болно. Хамгийн гол нь бүдүүн утсаар маш муухай оёсон байсан. Энэ чинь эмэгтэй хүний гоо сайханд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг биз дээ” гэж ярилаа.
Үүний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас тодруулахад “Энэ бол хоёр талдаа хариуцлага хүлээх ёстой асуудал. Амаржих эх өөрөө хариуцлага хүлээж, хүүхдээ эрүүл саруул, эсэн мэнд төрүүлэх үүрэгтэй. Төрөх эхчүүд дүлж өгдөггүй. Уг нь дүлээд хүүхдээ төрүүлэх ёстой. Дүлж чадахгүй болохоор л гэдсэн дээр нь дардаг асуудал өмнө нь байсан. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ийм арга хэмжээ авч болохгүй гэж зөвлөсөн. Тиймээс зөвлөмжийн дагуу сүүлийн жилүүдэд уг аргыг хэрэглэхээ больсон. Гэтэл яг цаг тулахаар асуудал их бий. Эмч нар үйлээ үздэг. Тиймээс цөөн тохиолдолд тухайн эхийг загнах асуудал гардаг. Үүнийг хүчирхийлэл гэж ярихыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм. Бас нэгэн эмч “Хурдан төрүүлэхгүй бол хүүхэд бүтэх гээд амьдрах, эсэх нь минут, секундээр хэмжигдэж байхад эхээс мэс ажиллавар хийх зөвшөөрөл авах гээд бичиг цаас болох боломжгүй” хэмээсэн.
Товчхондоо, амаржих эхийг загнах, хэл амаар доромжлох нь эмч нарын хувьд хэвийн үзэгдэл, хүчирхийлэл гэж хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл аж. Хандлага нь ийм зэрлэг, хүний эрхийн ойлголтгүй учраас л эхчүүд аргагүй эрхэд амаржихдаа заавал мөнгө төлдөг жишиг тогтоод байна. Харамсалтай нь, эхчүүд энэ талаараа аль нэгэн байгууллагад гомдол гаргах нь төдийлөн үгүй бөгөөд эсэн мэнд амаржсандаа талархаад л дуугүй өнгөрдөг аж. Харин олон улсад төрөх үеийн хүчирхийлэлд өртөн, холбогдох байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлсэн тохиолдол цөөнгүй аж.
Тухайлбал, 2013 онд АНУ-ын Сан-Педро хотод 27 настай Кимберли Турбин “Провиденс Тарзана” эрүүл мэндийн төвд амаржихаар ирсэн байна. Төрөхөөр дүлэх үед нь эмч Алекс Аббасси түүнд хярзанг нь хайчлах шаардлагатай болсныг сануулжээ. К.Турбиний үүнийг эсэргүүцсэн боловч эмч үл хайхран мэс ажиллавар хийж, 12 оёдол тавьсан аж. Энэхүү үйл явцыг К.Турбины ээж дүрс бичлэгт буулгасныг үндэслэн тэрбээр эмчийн эсрэг гомдол гаргаж, эмчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлуулсан байна. Өдгөө АНУ болон Британид зайлшгүй шаардлагагүй тохиолдолд энэ төрлийн мэс засал хийхээс татгалзахыг зөвлөх болжээ.
Манай улсад он гарснаас хойш 65 950 эх амаржжээ. Амаржих үедээ 64 эх эндсэн байна. Уг тоо нь өнгөрсөн оныхоос 41-ээр нэмэгдсэн дүн юм. Ийнхүү нэмэгдсэн нь цар тахалтай холбоотой гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлсэн. Тодруулбал, “Ковид-19”-ийн улмаас энэ онд 45 эх эндсэн байна. Эхийн эндэгдэл бол эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг илэрхийлдэг гол үзүүлэлт. Амаржих гэж буй эхэд дарамт шаталт үзүүлдэг нь магадгүй эл үзүүлэлтэд хүргэх гол шалтгаануудын нэг ч байж болзошгүй. Тиймээс юуны өмнө төрөх үеийн хүчирхийлэл гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрч, хууль, эрх зүйн орчныг ч бүрдүүлэх нь чухал байна.
Obstetric violence буюу төрөх үеийн (эх барих) хүчирхийллээс сэргийлэх, улс орон бүр үүнд анхаарал хандуулах зөвлөмжийг ДЭМБ-аас 2014 онд гаргажээ. Уг зөвлөмжид хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах, хүний эрхийг хүндэтгэх, хүнлэг, энэрэнгүй хандахыг тусгасан аж. Мөн эл асуудалд улс орнуудын Засгийн газар, мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч