Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Тус хурлаар МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг сонгож, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нэн тэргүүнд МҮЭХ-ны хөгжлийн хөтөлбөрийн бодлого монголчуудын ажил, хөдөлмөр, амьдралын чанарыг хэрхэн яаж дээшлүүлэхэд хариулт өгөх зорилготойгоор зангидагдаж байгаа. Нэгдүгээрт, цар тахлын үед иргэдэд чанартай байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр эрс өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, ялангуяа хүн амын дийлэнх нь ядуурал руу гулсаж ороход ойрхон байгаа цаг үед МҮЭХ баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэнэ гэсэн Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод манлайлж оролцоно.
Ингэхдээ цалин хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин ба түүнээс доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилтыг тавьсан. Мөн 2030, 2040 он гэхэд цалин хөлсийг Скандинавын орнуудын хэмжээнд хүргэнэ. Одоогоор тухайн орнуудын дундаж цалин ойролцоогоор 10 сая орчим төгрөг байгаа. Үүнд үе шаттай хүргэхэд ирэх дөрвөн жилийн хугацаанд МҮЭХолбоо нь ажил олгогч, төр засагтайгаа нягт хамтрахаас гадна үүнийг хийхийн төлөө шахаж, шаардаж ажиллана.
Гуравдугаарт, халамжаас хөдөлмөрт шилжих төрийн бодлогыг дэмжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор баялгийг хуваарилахдаа шууд халамжаас гэхээс илүү ажил эрхэлж байгаа иргэдийн цалинг урамшуулах бодлогыг дэвшүүллээ. Мөн Монголчууд насаараа тэтгэврийн даатгалын шимтгэл төлдөг ч эрчүүдийн 50 хувь нь түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүйгээр нас бардаг гунигтай тавилантай сүүлийн 30 жил явж ирлээ. Иймээс бид тэтгэврийн реформ хийнэ, илүү хүчтэйгээр дуугарна" хэмээх мэдээллийг өгсөн юм.