“Монгол ногоо” төслийн багийнхан, агрономич Ж.Бяцхандай тэргүүтэй ногоочид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 18 цэцэрлэгтэй хамтран “Эко цэцэрлэг” бичил төсөл хэрэгжүүлж эхлүүлжээ. Тодруулбал, 100, 71, 202, 250 дугаар цэцэрлэгийн ангиудад цоохор майлз, гоньд, яншуй, бууцай зэрэг 4-5 төрлийн ургамал тарьж эхэлсэн гэнэ. Уг ургамлуудыг том, жижиг савнуудад суулган, тасалгаанд байрлуулсан аж. Улмаар ургамлын болц гүйцэх үед хүүхдүүдийн хоолонд холин өгч хэвшүүлэхийг зорьжээ. Хүүхдүүдийг таримлаа услахад туслан, хүнсний зориулалттай зарим ногоог гэрийн нөхцөлд хэрхэн ургуулах талаарх анхан шатны мэдлэг олгож буй гэнэ. Цаашид эл ажлыг нийслэлийн бүх цэцэрлэг, сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв айл өрхүүд, албан байгууллагууд тасалгаандаа хүнсний зориулалттай навчит ногоо тарьж хэвшвэл агаарын бохирдлыг бууруулах төдийгүй хэрэгцээнийхээ тодорхой хувийг, бага зардлаар хангах боломж бүрдэхийг агрономич Ж.Бяцхандай дурдлаа.
Бэлтгэсэн С.Цэрэн