Герман улсын Бремен хотноо Бүжгийн спортын латины хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд боллоо. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 13 хамтлаг эх орныхоо төрийн далбааг дэлхийн тайзан дээр мандуулахаар өрсөлдөв. Хагас финальд Герман улсын 2, Оросын 2, Австрийн 2, мэдээж Монголын 1 хамтлаг тунаж үлдэв.
Финалийн шатанд ширүүхэн өрсөлдөөн өрнөснөөс дэлхийн 10 удаагийн аварга, талбайн эзэн Германы “Бремен” хамтлаг дахин тэргүүлж, 11 дэх удаагийн дэлхийн аварга боллоо. Сонирхуулахад, энэ хамтлагт Монгол бүжигчин Н.Онондарь бүжиглэдэг билээ. Тэрбээр “Бремен” хамтлагийн хамтаар 3 дахь удаагийн дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд бүжгийн спортоор дэлхийн аваргын медаль хүртсэн анхны Монгол тамирчин юм.
Монгол Улсаас бүжгийн спортын “Мүүн дэйнс” хамтлаг ДАШТ-нд энэ жил долоо дахь удаагаа оролцож байна. 2016 онд "Ice queen" бүжгээрээ дэлхийн шилдэг таван хамтлагт багтаж байсан удаатай. Жил ирэх тусам байраа ахиулсаар байгаа “Мүүн дэйнс”-ийнхэн энэ удаагийн дэлхийн аваргын финалийн шатанд мөн л дэлхийн шилдэгүүдтэй тунаж үлдсэн бөгөөд зургаадугаар байрт шалгарч финалистийн цомоо дахин гардан авлаа. Тус хамтлагийн дасгалжуулагчаар О.Оюунбат, О.Саранхүү нар ажилласан байна.
Дэлхийн аваргын тэмцээний шүүлтийг техник, бүжгийн зохиомж, багийн ажиллагаа зэрэг үзүүлэлтээр шалгаруулдаг ажээ. Финальд шалгарсан хамтлагт шүүгчдээс өгсөн оноог танилцуулахад:
Цар тахлын улмаас Дэлхийн аваргын тэмцээн 2 жил хойшлогдсон. Хөл хорионд удаан байсан тамирчид цаг үеийн хүнд нөхцөл байдлыг амжилттай даван туулж ийнхүү тэмцээндээ амжилттай оролцлоо.