Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлөөс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоодын их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар болсон. Үүний хүрээнд тус зөвлөлөөс өнгөрсөн баасан гарагт Дотоод хэргийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт Хамтын ажиллагааны зөвлөлийн дарга бөгөөд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар гарын үсэг зуржээ.
Санамж бичгийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй хүний нөөцийг чадавхжуулах, сургагч багш нарыг бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. Тус зөвлөлийн дэргэдэх судалгаа, дүн шинжилгээний ажлын хэсгийг Санхүүгийн мэдээллийн алба энэ жилээс ахалж байгаатай холбогдуулан цаашид судалгааны байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллахаар зорьж буй аж.