Нийслэлчүүд утаанд дарлуулаад, хорт хийгээр амьсгалаад 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, зохион байгуулсан арга хэмжээ, санаачилсан ажлуудын тоо, цар хүрээгээр үр дүнг нь хэмждэг бол өнөөдөр улаанбаатарчууд утааны асуудлыг бүрмөсөн мартсан байх байлаа. Гэтэл өдгөө Монголын нийслэл дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тоонд багтсан, улаанбаатарчууд амьсгалах эрхийнхээ төлөө амь тэмцэн дуугарсан, төр, засаг нь иргэддээ хий хоосон амлалт өгсөн хэвээр байна.
Улаанбаатарын утааны асуудал 2000-аад оны үеэс эхлэлтэй. Тухайн үед нийслэлчүүд агаарын бохирдолд одоогийнх шиг санаа чилээдэггүй, анхаарал хандуулдаггүй байв. Гэхдээ хотын дээгүүр хөшиглөх өтгөн хар утаа иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй, хожим ямар аюул учруулж болзошгүйг учир мэдэх хүмүүс, судалгааны байгууллагынхан мэр сэр хөндөж байжээ. Яг тэр үед “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудын анхааралд аваачихын тулд сэтгүүлчээр тэдэнд хорт хийн баг дайлгаж байсан түүхтэй. Хотын мээр М.Энхболд, Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт гардуулсан эл онцгой бэлэг нийслэлчүүд утаа хэмээх шинэ аюул, гамшигтай нүүр тулсны дохио, анхааруулга болсон юм. Үүнээс хойш “Өнөөдөр” сонин агаарын бохирдлын асуудлыг цаг ямагт хөндөж ирсэн ба 18 жилийн өмнөх тэр дохиог одоо ч “хангинуулсаар” байна. Харамсалтай нь, утаабагассангүй, учруулах хор нөлөө нь буурсангүй.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тоо тоймгүй олон арга хэмжээ авсан атал яагаад буурсангүй вэ. Утааны эсрэг тэмцэл яагаад үр дүнд хүрсэнгүй вэ. Энэ бүхний шалтгаан нь ерөөсөө л туйлбаргүй, тооцоо судалгаагүй байдал. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан ажлууд засаг солигдох бүрт хамт унадаг, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаагүй ажлыг сэтгэлийн хөөрлөөр эхлүүлдэг, төд удалгүй өнөөх нь таг зогсдог явдал “утааны салбар”-т эх замбараагаа алдсан. Агаарын бохирдлын асуудлыг улс төрийн хөзөр болгож ашигласан, хий хоосон амлалт өгч, иргэдийг хуурсан, тэмцэгчийн дүр эсгэн, зөөлөн суудалд очсон тохиолдол цөөнгүй. Үндсэндээ Улаанбаатарын утаа улстөрчдийг ярих зүйлтэй, иргэдээс оноо цуглуулах аргатай, Байгаль орчны сайд, хотын даргыг пиар хийх сэдэвтэй, холбогдох албан тушаалтнуудыг цалинтай, орлоготой байлгасаар иржээ. Агаарын бохирдол тэдэнд л “ашиг”-аа өгсөн.
Харин нийслэлчүүд улстөрчид, хотын удирдлагуудын хоосон, богино настай, үл биелэх амлалтад итгэн, олон жилийг үджээ.
Үе үеийн Засгийн газар, хотын дарга нарын өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдээс тоймлон хүргэе. Хэн юу ярьж, томоохон, онцлог, ямар шийдвэр гаргаж байсныг нэхэн сануулъя. Үндсэндээ агаарын бохирдол бууруулах зорилготой төсөл, арга хэмжээ 2006 оноос эрчимжиж, 2014-2018 онд оргил үедээ хүрчээ.
2006.10.06
Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг Цаг уур, орчны судалгаа шинжилгээ, хяналтын хүрээлэнгээр хийлгүүлэхээр шийдвэрлэжээ. Агаарын бохирдол ихэслээ гэсэн шүүмжлэл газар авсан учраас нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд энэ талаар хуралдаж, хорт бодис ялгаруулагч эх үүсвэрийн судалгаа, тооллогыг нийслэлд анх удаа хийлгэхээр санал нэгдсэн байна. Үүнээс хойш ийм чиглэлийн судалгааг гурвантаа хийсэн ч тохиромжтой арга хэмжээ авч, мэдэгдэхүйц өөрчлөлт, ахиц гарсан нь үгүй.
2007.09.10
Ц.БАТБАЯР (Нийслэлийн Засаг дарга):
-Нийслэлийг хөгжүүлэх, гэр хорооллын утааг бууруулах богино болон урт хугацааны ажлын төлөвлөгөө боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлснээр утааг 40-60 хувиар бууруулах боломжтой. Бодож төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх боломжийг надад олго. Дараа нь мэдлэг, чадварыг минь сайн, муу гэж үнэл.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2008.01.14
Г.ШИЙЛЭГДАМБА (Байгаль орчны сайд):
-Хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд яндангийн тоог цөөлөх шаардлагатай. Мөн түүхий нүүрсийг орлох түлшний сонголт бий болговол үр дүнтэй.
(Нийслэлийн ЗДТГ холбогдох яам, агентлагуудтай хамт-ран “Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр)
2008.09.16
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн таван хороонд утааг бууруулах туршилтын төслийг нийслэлийн Засаг дарга Т.Билэгтийн захирамжаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хамгийн их утаатай цэгүүдийг сонгож, дөрвөн мянга орчим өрхийн янданд утааны шүүлтүүр суурилуулсан байна. Гэвч энэхүү төслийн санхүүжилт, ил тод байдал тодорхойгүй, хамтрагч талуудын дунд зөрчилдөөн үүссэний улмаас эцсийн үр дүнг нь үзэж чадалгүй, ганцхан өвөл хэрэгжүүлээд дуусгасан аж.
2010.06.24
Засгийн газар Тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар “Цэвэр агаар” санг байгуулав. Энэхүү сан нь дөрвөн жил үйл ажиллагаа явуулаад, 2015 оны арваннэгдүгээр сард татан буугдсан юм. Энэ хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 20 арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд үүнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Төсвийн дийлэнх нь үзэсгэлэн зохион байгуулах, мониторинг, туршилт хийх, мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг үр дүнгүй ажлуудаас гадна дотоод үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэсэн.
2010.12.22
Утааны голомттой зургаан хорооны иргэдийг шахмал түлшээр хангах төслийг нийслэлийн ЗДТГ-аас эхлүүлэв. 13 аж ахуйн нэгжийг үүнд хамруулан, гэрээнд тусгасны дагуу татаас олгон, түлш үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж эхэлжээ. Гэвч түлшний чанартай холбоотой гомдол, шүүмжлэл тасарсангүй. Тэрчлэн аж ахуйн нэгжүүд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн зэргээс үүдээд төслийг зорилтот хугацаанд нь хүртэл хэрэгжүүлж чадалгүй зогсоожээ.
2012.09.04
Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар хангах зорилготой, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Улаанбаатар цэвэр агаар” төслийг Дэлхийн банк, “Цэвэр агаар” сантай хамтран хэрэгжүүлж, нийслэлийн гэр хорооллынхны 70 орчим хувийг “Дөл”, “Хас”, “Голомт” зэрэг зуухаар хангав. Зуухыг ашиглах явцад дэлбэрэх, угаартах тохиолдол олонтоо гарав. Түүнчлэн судлаачид “Энэ нь уламжлалт зуух шиг тоосонцрыг шүүдэггүй учир дотоод орчны бохирдлыг ихэсгэдэг” гэж дүгнэсэн юм. Энэ мэт шүүмжлэл, асуудал, мөн санхүүжилтийн тогтворгүй байдал, үл ойлголцлоос болоод төсөл эхний шатанд буюу 2014 онд зогссон түүхтэй.
2013.09.11
Э.БАТ-ҮҮЛ (Нийслэлийн Засаг дарга):
-Санхүүжилтийн эх үүсвэр тодорхой, асуудалгүй бол гэр хорооллын дахин төлөвлөлтийг зургаан жилийн дотор дуусгана. Экологийн тэнцвэрт байдлыг хангах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, гэр хороололд дахин төлөвлөлтийг эрчимжүүлнэ.
(Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр ингэж мэдээлэв)
Гэвч дахин төлөвлөлт түүний тооцоолсноор урагшилсангүй. Энэ ажлын явц, идэвх жилээс жилд буурсаар, санхүүжилт нь танагдсаар өнөөдөртэй золгов. Дахин төлөвлөлтөд нэн түрүүнд хамруулахаар төлөвлөсөн МҮОНРТ, Дамбадаржаа, Баян-хошуу, Дэнжийн мянга орчим одоо ч битүү яндан, модон хашаатай, иргэд нь утаанд дарлуулсан хэвээр байна.
2015.03.20
Нийслэлийн ЗДТГ, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зорилготой төсөл хэрэгжүүлж эхлэв. Үүний гол зорилго нь их хэмжээний тортог ялгаруулдаг, насжилт өндөртэй автобуснуудыг халах байв. Төслийг гурван үе шаттайгаар зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээлж, тухайн онд 30 орчим шинэ автобус үйлчилгээнд явуулж эхэлсэн ч 2016 онд хотын удирдлага солигдсоноор энэ санаачилга замхарчээ.
2017.01.10
С.БАТБОЛД (Нийслэлийн Засаг дарга):
-Иргэд хаана амьдрах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх боловч өнөөдөр хотын агаарын бохирдол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул судлаачдын дүгнэлт, нийслэлчүүдийн санал хүсэлтэд үндэслэн захирамж гаргаж, зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх хүмүүс болон Улаанбаатарт орон сууц худалдаж авсан иргэдээс бусдыг хотод шилжиж ирэхийг түр хугацаагаар хориглож байна.
(Захирамжаа олон нийтэд танилцуулах үеэр ийнхүү хэлэв)
Улаанбаатарын түүхэн дэх хамгийн их утаатай үе 2016-2017 онд шилжих өвөл байв. ДЭМБ болон олон улсын томоохон хэвлэлүүд Монголын нийслэлийг гамшгийн голомт болсон хэмээн мэдээлж байсан юм. Иргэд “Боож үхлээ”, “Амьсгалах эрхийнхээ төлөө нэгдье” хэмээн төв талбайд жагсаж байв. Үүнээс улбаатайгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг эл өдөр хүлээн зөвшөөрч, олон нийтэд мэдээлсэн.
2017.07.04
Засийн газар 199 дүгээр тогтоол гаргаж, Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэн батлав. Тус тогтоолын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн юм. Тав дахь жилдээ хэрэгжиж буй эл шийдвэр цахилгааны ачааллыг нэмэх, төсөвт их хэмжээний дарамт учруулсан нь тодорхой ч чухам хэчнээн айл зуухаа халаагуураар сольж, хотын утааг бууруулахад хувь нэмэр оруулсан нь бүрхэг хэвээр байна.
2017.10.23
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, холбогдох яамд хамтран Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг Төрийн ордонд анх удаа зохион байгуулж, зөвлөмж гаргав. Тухайн онд хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрч, олон нийтэд мэдээлсэн нь дээрх арга хэмжээг зохион байгуулах шалтгаан болсон юм.
2018.03.20
Агаарын бохирдлын 20 орчим хувь нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа, статистикт үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Батболд цахилгаан автомашины онцгой албан татварыг тэглэх саналыг Засгийн газарт хүргүүлэв. Үүний өмнөх жил ийм төрлийн тээврийн хэрэгслийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлсөн билээ.
Улмаар хотын мээрийн саналыг саналыг хүлээж авч, тухайн оны зургадугаар сараас хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Гэвч энэ шийдвэр утааг бууруулахад тийм ч бодитой хувь нэмэр болоогүй.
2018.01.13
Г.ЗАНДАНШАТАР (УИХ-ын дарга):
-Утааг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацааны шийдэл тодорхойлох чиглэлээр сүүлийн хэдэн жил ажиллалаа. Хамгийн үр дүнтэй, урт хугацааны шийдэл бол нийслэлийн дагуул хотыг аэро сити хэлбэрээр Хөшигийн хөндийд байгуулах, аймгуудыг жигд хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Энэ чиглэлээр цогц хөтөлбөр баталж, хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хотын утааг 50 хувиар бууруулж, 2024 он гэхэд бүрмөсөн арилгах боломжтой.
(Төрийн ордонд зохион байгуулсан “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнгийн үеэр)
Энэ яриа мөн л мөрөөдөл болон үлдэв. Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах байтугай Налайх, Багануур, Баганхангайгаа ч ийм статустай болгож чадалгүй өдий хүрэв.
2018.02.28
Засгийн газар 62 дугаар тогтоолоороо түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хэсэгчлэн хориглов. Улаанбаатарчуудыг сайжруулсан түлшээр хангах үүргийг “Тавантолгой” түлш компани хүлээлээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс хамгийн зоригтой, шийдэмгий нь энэ байлаа. Гэвч төлөвлөж, тооцоолсон шиг сайн үр дүн гарсангүй.
2021.10.07
Б.ПҮРЭВСҮРЭН (Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга):-Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцож буй 621 мянган машины 80 гаруй хувь нь өндөр насжилттай байна. Ийм машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд шүүлтүүр суурилуулах, тогтмол оношилгоо хийх төсөл хэрэгжүүлнэ. Ингэж чадвал хотын утааг 10-20 хувиар буурна.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
Гэвч энэхүү төслийн санхүүжилт, хэзээ хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж. Одоогоор Улаанбаатарт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яригдаж буй ганц ажил энэ л байна.
2021.11.04
Үндэсний аудитын газар “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж, дээрх хугацаанд 456 тэрбум төгрөг “хийсгэсэн” тооцоо гаргажээ. Үүний 287.2 тэрбумыг нь улс, нийслэлийн төсөв, үлдсэнийг олон улсын байгууллагын зээл, тусламжаар шийдвэрлэжээ. Дөрөвхөн жилийн хугацаанд ийм хөрөнгө зарцуулсан гэхээр өнгөрсөн хугацаанд хэдий хэр хэмжээний мөнгийг утаанд “залгиулсан” нь төсөөлөгдөх биз ээ.
2021.12.09
Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар удаан хугацааны дараа хуралдав. “Тавантолгой түлш” компанид ажлын хүндийг даалгаж, “Хотын утаа 50 хувиар буурсан” хэмээх мэдээлэлд итгэн, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын асуудлаар дуугараагүй төр бохирдуулагч эх үүсвэрүүдийг дахин судлах, Налайх, Багануур, Багахангайг шахмал түлшний “түншлэл”-д багтаах, халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн дулаанд холбох байдлаар түүхий нүүрснээс ангижруулах чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Үндсэндээ Засгийн газар хотын утаатай дан ганц сайжруулсан түлшээр, алдаг оног, алаг цоог хэрэгжүүлж байгаа 62 дугаар тогтоолоор тэмцэх боломжгүйг ийнхүү хүлээн зөвшөөрлөө.