“Монголчууд “Рио тинто”-г яллаа”… Ийм нэгэн цуурай энд тэндгүй хадаад намжив бололтой. Харин одоо ялалтыг өмчлөх уралдаан өрнөж байна. Бид “Рио тинто”-г ялаа ч үгүй. Тэд ч бидэнд ялагдаагүй. “Рио тинто” группийн ерөнхий захирал Якоб Стаусхольм болон “Туркойз хилл ресурс” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Монголын Засгийн газрын зарим гол саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн захидал ирүүлснээр Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээнд том ахиц гарлаа. “Рио тинто” группийн удирдлагын захидалд таван санал дурдсаныг дахин сануулъя. Нэгдүгээрт, “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашилна гэсэн санал гаргасан. Хоёрдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцалж дуусгавар болгох санал гаргав.
Өөрөөр хэлбэл, “Дубайн гэрээ”-г цуцлах санал гаргасан гэсэн үг. Гуравдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх, дөрөвдүгээрт, гүний уурхайг ашиглалтад оруулж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж “Эрдэнэс Оюутолгой” компанид нэмэлт өр үүсгэхгүй байх, тавдугаарт, “Оюутолгой” компанийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч, холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюутолгой” төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан. Тэд эдгээрийг “эцсийн санал” гэж тодотгожээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-аас байгуулсан түр хорооны дарга Ц.Даваасүрэн, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, “Рио тинто”-гоос тавьж буй саналуудыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн. Тиймээс хэлэлцээг үргэлжлүүлэх улс төрийн шийдвэр гарчихлаа гэж олон нийт харж байна. Одоо цаасан дээр буулгах ажил үргэлжилнэ. Хоёр тал хамтын ажиллагааны нарийн зохицуулалтаа тохирно. Б.Болд тэргүүтэй “Рио тинто”-гийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт буцсан. Тэд нэгдүгээр сард ирж тавьсан саналынхаа дагуу хэлэлцээг нарийвчлан хийх биз. “Рио тинто”-гийн удирдлага саналаа УИХ-аас 2019 онд баталсан Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг биелүүлсэн гэж тодотгожээ.
Уг тогтоолын гуравдугаарт “Оюутолгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн заалт бий. Засгийн газар болон түүний ажлын хэсэг УИХ-ын тогтоолын дагуу Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг яагаад судлаагүйгээ УИХ-д тайлбарлах биз. Дээрх заалтыг хүчингүй болгож байж тогтоолыг бүрэн биелүүлсэн гэж үзэх эрх зүйн үндэс бүрдэх ч магадлалтай.
92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад УИХ-ын 57 дугаар тогтоолтой уялдуулан сайжруул гэж заасан. Алдарт 57 дугаар тогтоол бол “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг Засгийн газар эзэмш гэсэн даалгаврыг бичсэн баримт бичиг юм. Үүний араас гуравдугаар заалтыг бичсэн нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байдал үүсгэж мэдэхээр байна. Хэрэв гуравдугаар заалтыг хэрэгжүүлсэн бол Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаас аргагүй байдал үүсэх байлаа.
“Рио тинто”-гийнхон Засгийн газрын зарим саналыг хүлээн зөвшөөрснөөр хэлэлцээний зангилаа Хөрөнгө оруулалтын гэрээнд төвлөрөх нь тодорхой боллоо. Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ярилцлага өгөх бүртээ Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж байж цаашид маргаан үүсгэхгүй, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн агуулгыг дурдаж буй. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулснаар татвартай холбоотой маргаанд хоёр тал цэг тавих юм. Гэвч “Рио тинто” группийнхэн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байгаа. Тиймээс ч захидалдаа “Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компани хооронд үүссэн арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж, ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна” гэж дурдсан. Үүгээрээ тэд Хөрөнгө оруулалтын гэ рээнд тусгасан татварын орчныг хөндөх сонирхолгүйгээ илэрхийлж байна.
Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаанд ногдох өөрийг тэглэхэд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад л болно. “Дубайн гэрээ”-г дуусгавар болгох маш хялбар. Угаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний санхүүжилт болох 5.3 тэрбум ам.долларыг хэрэглээд дуусгасан. “Рио тинто”-гийнхон хэтрүүлсэн зардлаа нэмж тооцоод, төлөвлөгөөг шинэчлээд цааш ажлаа үргэлжлүүлнэ. Монголын тал ямар нэг санхүүжилт хийх шаардлагагүй учраас хошуу нэмэрлэх хэрэг ч байхгүй. Харин хоёр тал хамтран ажиллаж, төслийн санхүүжилтийн зээлийн хүүгээ бууруулах боломж харагдаж байгаа юм билээ.
Нөгөөтээгүүр, монголчууд 34 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтын зээлийг “Рио тинто”-гоос авахгүй учраас үүнийг тойрч хэлэлцэх шаардлагагүй болж байна. “Дубайн гэрээ”-г ч тойрч маргах шаардлагагүй болох нь. Уг нь бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Улаанбаатарт байгуулж болох байсан. Харин Ч.Сайханбилэг Дубайд, олон улсын санхүүгийн төвд байгуулбал жижиг Монголын нэр дэлхийд цуурайтна гэж төсөөлсөн юм гэнэ лээ. Гэвч улстөрчид хулгайгаа нуух гэж гадаадад байгуулсан гэрээ гэж мушгин гуйвуулсан түүхтэй.
Тэгэхээр хэлэлцээнд Монголыг төлөөлж буй, Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар айлын талд хэрхэн хөндөж тавихаа тооцоолж байгаа гэж таамаглая. Ажлын хэсгийн гишүүдийн итгэл үнэмшил нэгэнт бүрдсэн учраас Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн байр сууринаасаа ухрахгүй болов уу. “Рио тинто”-гийнхон ирэх онд дахиад нэг эцсийн санал өгөх шаардлага гарч магадгүй л юм. Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах байр сууринаас ухарлаа гэхэд энэ асуудал хэзээ нэгэн цагт дахин босож ирэх нь дамжиггүй. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгийн дараа дахиад хөндөгдөнө гэж төсөөлж болно. Хамтран ажиллагч хоёр тал “хэрүүл”-ээ дуусгаад хамт сууж байгаа завиа нэг зүгт залбал хэн хэнд нь ашигтай сан.
Зэсийн ханшийн ирээдүйн таамаг өөдрөг байна. Шинжээчид зэсийн ханш таван оронтой тоог дахин дахин давна гэж тооцож буй. “Рио тинто”-гийнхон зэсийн ханшийн 10-20 жилийн төсөөлөлд тулгуурлан тооцоолол хийсэн нь гарцаагүй. Оруулсан хөрөнгийнх нь өгөөж өндөр байгаа учраас тэд манайд зээлүүлсэн 2.3 тэрбум ам.доллароо тэглэсэн хэрэг. Түүнээс биш өгөөж багатай байсан бол тэд ингэхгүй. “Рио тинто”-гийнхон дээрх таван саналыг хүлээж авсны дараа Монголын тал төслийн нийт өгөөжийн 60 хувийг хүртэнэ гэж үзэж буй. Дэлхийн зах зээлд тонн зэс өдгөө 9500 ам.долларын ханштай байна. Зэсийн ханш өндөр байгаа нь хэлэлцээг Монголын талд ашигтайгаар эргүүлэх том хөшүүрэг болж байгааг санах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн баатрын байгуулсан үнэмлэхүй гавьяа биш юм. Улстөрчид “ялсан баатар”-ын дүрд тоглох хараахан болоогүй байна. Дахиад нэг “эцсийн санал” бий.