Энэ дэлхий дээрх хүн бүр доод тал нь долоон “орлон тоглогчтой” байдаг гэж эрдэмтэд нотолдог аж. Хаад, улстөрчид ч ялгаагүй. Гурван эриний, гурван улсын иргэний жишээн дээр энэ тухай өгүүлье.
Оросын хаан I Петр 1697-1698 онд Өрнөд Европ руу дипломат аялал хийгээд ирэхдээ “өөр хүн” болчихсон байсан гэж зарим судлаач үздэг. Түүнийг адилхан хүнээр сольсон нь Оросын хүчийг сулруулах зорилготой байв.
Петр хаан аяллаас буцаж ирээд эрс өөрчлөгдсөн аж. Европ руу явахаасаа өмнө тэрбээр гонзгор нүүртэй, буржгар үстэй байжээ. Гэтэл тэндээс ирсний дараах хөрөг зургаас нь харахад дугариг царайтай, шулуун үстэй болсон байлаа. Европт байх үед нь Готфрид Кнеллерийн зурснаас үзэхэд зүүн нүдний хажууд үү байгаа нь илт. Нэлээд хожуу үеийн хөргүүд дээр нь үү байхгүй болжээ. Үүнийг зураачийн алдаа гэж үзэж болохгүй, тухайн үеийн хөрөг зураг бодит байдалтай дүйдгээрээ онцгой байсан аж. Хаан аяллаас өмнө бахим зузаан биетэй, өндрөвтөр нуруутай хүн байж. Эргээд ирсэн хаан туранхай, шувтан мөртэй, 2.04 метр өндөр байв. Үүнээс гадна “Оросын гэх юм болгоныг үзэн яддаг” болсон байлаа. Мөн сүсэгтэй нэгэн байснаа сүмд очихоо, мацаг барихаа ч байсан аж. Уламжлалт орос хувцсыг илүүд үздэг байсан бол Европоос ирээд тэр зүгийнхээр хувцас дагнадаг өмсөх болжээ.
I Петрийг орлож ирсэн хүн нь голланд байсан гэдэгт зарим түүхч эргэлздэггүй. Түүний гарын үсэг нь ч өөрчлөгдсөн байлаа. Урьд нь нэрийнхээ латинжсан хувилбарыг сонгож “Pеtrus” гэж бичдэг байсан бол сүүлдээ голландаар “Piter” гэж бичээд байх болж. Тэгснээ гэнэт голланд хэлийг гаргууд мэддэг болжээ. Хэлийг сурч болдог юм гэхэд Петрийн ааш, сэтгэхүй их өөрчлөгдсөн аж. Зарим түүхчийн үзсэнээр энэ хааны хэрэгжүүлсэн өөрчлөлт Орос оронд ашиг гэхээсээ хор хохирол авчирсан байна. I Петр хамжлагат ёсыг чангалж, янз бүрийн албан тушаалд гадаад хүмүүсийг олноор томилжээ. Европоос буцаж ирээд тэрбээр төрөл садангуудтайгаа ч, ойр дотны хүмүүстэйгээ ч уулзсангүй. Хатан Евдокия Лопухинадаа их хайртай, гадаадад байхдаа байнга захидлаар харилцаж байсан хэрнээ эргэж ирээд өөрийн зарилгаар Лопухинаг Суздалийн хийд рүү хүчээр явуулчихжээ. Хаан солигдсоныг Лопухина тэр дор нь анзаарах нь мэдээж тул түүнийг зайлуулсан гэдэгт зохиолч, нийтлэгч Н.В.Левашов эргэлздэггүй байжээ. Хааны хүү Алексей Петрович ч байдал нэг биш байгааг анзаараад Европ руу гараад явчихсан гэдэг. Нэг таамаглалаар бол энэ хүн Бастилын шоронгоос төрсөн эцгээ суллах хүсэлтэй байж. Математикч Г.В.Носовскийн үзсэнээр I Петрийн оронд хаан суудалд суусан хүний дэргэдийн хүмүүс нь буцаад ирвэл хаан ширээнд залрах боломжтой гэж Алексейд ойлгуулаад ирэхээр нь алчихсан байх магадлалтай юм. Жинхэнэ I Петрийг ч удалгүй алагдсан гэсэн Носовскийн таамаглал байдаг. Петр хаан “тоглоомын армийн” ажиллагааны үеэр санамсаргүй байдлаар амиа алдсан нь түүнийг орлох хүн бий болгох шалтгаан болсон гэж таамаглах хүмүүс ч бас байж. Хааныг орлож буй хүнд нөлөөтэй болохын төлөөх тэмцэл хүчтэй болж, үүний үр дүнд “орлон тоглогч” зайлуулагдах нь бүү хэл, бүр жинхэнэ эзэн болсон гэлцдэг.
1821 онд Өмнөд Атлантикт Гэгээн Еленагийн арал дээр Наполеон Бонапарт биш, түүний “дүрд тоглогч” амиа алдсан гэж үздэг түүхч цөөнгүй. Наполеонд “орлон тоглогч” хэд хэд байсны нэгийг нь Франсуа-Эжен Робо гэдэг. Тэрбээр армид алба хааж байж. 1775 онд төрсөн, Наполеоноос зургаан насаар дүү, тэд их адилхан.
Ватерлоод ялагдал хүлээсний дараа Наполеон Бонапарт хаан ширээнээс бууж, алс холын Гэгээн Елена арал руу цөлөгдсөн. Робогийн гэрт 1818 онд гоёмсог сүйх иржээ. Дотор нь хэн байсныг бүү мэд. Хэдэн өдөр өнгөрөхөд Робо алга болчихжээ. Хэсэг хугацааны дараа Гэгээн Елена арлын нэр цуутай олзлогдогч гэнэт маш мартамхай, амьдралынхаа тодорхой баримтыг ч ярихдаа хольж хутгаад байх болсон байна. Бичгийн хэв нь ч хурдан өөрчлөгдөв. Хоригдол маань өөрөө ч будлиу нэгэн болж орхилоо. Үүнээс өмнө Италийн Верона хотод Ревар гэх франц эр бий болж, Наполеоны хөрөгтэй тун адил болохоор нь хүмүүс түүнийг “Эзэн хаан” гэдэг хоч өгч, хариуд Ревар муухан мушийдаг аж.
Наполеон Бонапарт 1821 оны тавдугаар сарын 5-нд Гэгээн Елена арал дээр нас барж, 1823 оны наймдугаар сарын 23-нд түүнтэй адилхан гэгддэг, дэлгүүрийн эзэн Ревар ажил төрлөө орхиод Веронад үзэгдэхээ больсон байна. Түүнтэй хамт дэлгүүр эзэмшиж байсан Петруччи олон жил дуугүй явснаа таван жил хамтарч ажилласан хүн нь Наполеон Бонапарт байсан юм хэмээн хэлж орхидог байгаа. Веронагаас алга болсноос хойш Ревар-Наполеон яасан тухайд үндэслэлтэй мэдээлэл ховор байдаг. Харин эзэн хааны намтрыг бичигч зарим нь Наполеон 1823 оны есдүгээр сарын 4-ний шөнө Венагийн хаяа хотод амьсгал хураасан гэж нотолдог. Мөн тухайн жилийн намар Наполеоны хууль ёсны хүү нь Вена хотын ойролцоо өвчнөөр өөд болсон аж.
Наполеоныг цөллөгт байхад нь бараа болж байсан генерал Бертраны гэргий 1818 оны наймдугаар сарын 25-нд бичсэн захидлаас эзэн хааны намтрыг бичигчид иш татсан байдаг. Уг захидалд “Ялалт, ялалт! Наполеон арлаас явлаа” гэсэн өгүүлбэр байв. Өөр юу ч бичээгүй, ямар нэг тайлбар ч хийсэнгүй. Энэ захидлыг бичихээс өмнө Америкийн далбаатай хөлөг онгоц арлын ойролцоо иржээ. Түүгээр Робо ирж, Наполеон явсан байх бүрэн магадлалтай юм.
Наполеоны үеэл ах лам Жозеф Феш, хааны ээж Летиция нар Гэгээн Елена арлын хоригдол оргож амиа аварсан гэдэгт итгэлтэй байсан аж. Тиймээс ч Наполеон руу шилдэг эмч нарыг илгээхийг зөвшөөрөөгүй гэдэг. 1974 онд хэвлэгдсэн “Энд хэн нойрсож байгаа бол. Наполеоны сүүлийн жилүүдийн талаарх шинэ судалгаа” номыг бичсэн Томас Уйллерийн өгүүлсэн баримтыг сонирхъё. Наполеон бол өөрт нь оноосон хувь тавилантай эвлэрэх хүн биш гэдэгт зохиолч эргэлздэггүй. Наполеоныг дэмжигчид түүнийг оргуулах гэж нэг бус удаа оролдсон байна. Тухайлбал, Роберт Фултоны зохион бүтээсэн усан доогуур явдаг завиар Наполеоны амийг аврах гэж оролдсоныг олон түмэн мэднэ. Үүнийг хаан эрс эсэргүүцсэн нь түүнээс илүү найдвартай хувилбар байсантай холбоотой юм биш байгаа.
Харамсалтай нь, Наполеоныг Франсуа-Эжен Робогоор сольсон гэх таамаг ямар ч баримтаар нотлогдоогүй юм. 1821 онд Гэгээн Елена арал дээр Наполеоноос өөр хүнийг нутаглуулсан гэх таамгийг Францын түүхч Жорж Ретиф де ля Бретонн дэвшүүлж, Наполеоны эрин үеийг судалдаг Брюно Руа-Анри уг санааг сүүлийн жилүүдэд нэлээд дэвэргэсэн аж. Бретон 1969 онд хэвлүүлсэн “Англичууд аа, бидэнд Наполеоныг эргүүлж өгөөч” номдоо эзэн хааныг түүний ордны захирал асан Франческо Киприанигаар сольсон гэж бичсэн байна. Тэрхүү корсикан хүн англичуудын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдож 1818 онд нууцлаг байдлаар сураггүй болжээ. 1840 онд Парист Наполеоны биш, Киприанигийн цогцсыг сүр дуулиантай авчирсан гэдэгт Брюно Руа-Анри эргэлздэггүй бөгөөд 2000 онд хэвлүүлсэн номоо чухам үүнд зориулжээ.
Германы үндэсний социалист намын асуудал эрхэлсэн сайд Мартин Борман сонгон авч Адольф Гитлерийн хуурамч дүр болгосон хүнийг 1945 онд үгүй хийсэн, фюрер өөрөө зугтаж 1962 онд амьсгал хураасан гэж нотлохыг оролддог түүхч цөөнгүй. Генрих Мюллерийн “Өдрийн тэмдэглэл” АНУ-д хэвлэгдсэн 1990-ээд оноос ийм яриа бүр газар авчээ. Гитлерийг “орлогч” хэд хэд байснаас Австрийн иргэн Густав Веллер хамгийн адилхан нь гэгддэг байж. 1944 оны долдугаар сарын 20-нд Гитлерийн аминд халдах оролдлого хийснээс хойш Веллерийг орлох хүн болгожээ. Британийн түүхч Жерард Уильямс, Саймон Данстен нар хувиараа мөрдөн шалгах ажил хийж, “Саарал чоно. Адольф Гитлер зугтсан нь” нэртэй ном бичиж, Гитлер гэргий Ева Браунтайгаа Аргентин руу зугтсан, энэ үйлдлийг Мартин Борман зохион байгуулсан гэж нотолсон байна. Аминд нь халдах оролдлого болсноос хойш Гитлерийн байдал төдийгүй бичгийн хэв нь ч өөрчлөгдсөн аж. Өөрийнхөө нэрийг ч бусдаас асуудаг болсон байна. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд болсон хуримын ёслолд Гитлер, Ева Браун хоёрын хуурамч дүрүүд нь оролцсон гэж үзэх болжээ. Албан ёсны мэдээллээр бол дөрөвдүгээр 30-нд энэ хоёр хүн амиа хорлосон гэдэг. Тэдний цогцсыг Мартин Борман, фюрерийн гарын үйлчлэгч Хайнц Линге хоёр л харсан, бусад нь хөнжилд ороосон шарил л үзэх төдий өнгөрсөн байдаг. Рейхсканцлерийн хашаанд шатаасан цогцос орлон тоглогч Клаус Буштерийнх байсан гэх таамаг нийтэд тархсан нь бий. Гитлер Аргентинаар дамжиж Борманы “Галт газар” томьёолсон нэртэй ажиллагааны хүрээнд Өмнөд Америкт очсон гэж үздэг. Энэ ажлыг зохион байгуулахад Генрих Мюллер болон Ева Брауны эгчтэй суусан СС-ийн группенфюрер Фегеляйн нар тусалсан аж. Гитлер, Браун нар Аргентинд Чилийн хилтэй залгаа газарт найман жил амьдраад автомашины ослоор амь үрэгдсэн гэж зарлажээ. Үнэн хэрэг дээрээ тэднийг илүү найдвартай хоргодох газар “Иналькод”-д аваачсан байна. “Иналько” нь 1955 оны аравдугаар сар болтол Гитлерийн “ичээ” байж. 1955 онд Аргентинд цэргийн эргэлт болсноос Гитлерийг “Ла-Клара” гэдэг жижиг гацаанд аваачив. Өвчин нь даамжирсаар 1962 оны хоёрдугаар сарын 13-ны 15.00 цагт фюрер “амьд хүний шинжгүй болсон” гэж мөнөөх Жерард Уильям, Саймон Данстан нар бичсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант