АПУ компани орчны бохирдлыг бууруулах, хогны менежментийг сайжруулах, дахин ашиглах боломжтой хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Шилээ дахин амьдруулъя” аян өрнүүлж эхэллээ. Онцлог нь зөвхөн компанийнхаа үйлдвэрлэсэн архи, шар айрагны шилийг 100-200 төгрөгөөр үнэлэн, худалдаж авдаг аж. Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 16 газар тус аянд нэгдэж, дахивар худалдан авах төвлөрсөн цэгийн үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, III, IV хороолол дахь “Од”, “Алтан төгрөг”, “Дэлгэрэх”, “Ачуут”, “Мөнх арвижих”, “Цэнэн”, “Таван эрдэнэ” зэрэг томоохон дэлгүүр, худалдааны төвийнхөн АПУ компанид дахивар хог нийлүүлж байна. “Таван эрдэнэ” төвийн ажилтан Б.Ариунболд “Шил авчирч тушаадаг иргэдийн идэвх эрс нэмэгдсэн. Ялангуяа дунд эргэм насныхан зорьж ирэх нь элбэг. Шилийг дахин “амьдруулах” аянд залуусыг идэвхтэй оролцоосой гэж уриалъя” гэв.