Монгол, Орос, Хятад улсын аялал жуулчлалын сайд нарын VI хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖЯ-наас мэдээлэл өглөө. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар болсон хурлаар аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудал, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар голчлон ярьжээ. Гурван улсын хамтын оролцоотой хэрэгжүүлж байгаа “Цайны зам” төслийн хүрээнд аяллын чиглэл тогтоох зураг төслийн ажлыг ирэх оноос эхлүүлэх гэнэ. Тус салбарыг цар тахлын хүнд нөхцөлөөс гаргаж, богино хугацаанд сэргээхийн тулд аяллын коридор үүсгэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд цаашид анхаарч, хамтрахаар санал нэгдсэн байна.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр энэ үеэр “Монгол Улс жуулчны урсгалыг богино хугацаанд сэргээхэд шаардлагатай эрх зүйн болон бодлогын арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, виз мэдүүлэх журмыг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд цахимаар виз олгож эхэлсэн. 2023 он гэхэд агаарын тээврийн даацыг гурав дахин нэмэгдүүлж, үнийн уян хатан бодлого бий болгоход анхаарч буй. Энэ салбарт гарсан бас нэг дэвшил нь Агаарын тээвэр, аялал жуулчлалын зөвлөлийг байгуулсан явдал” гэж онцолжээ.