Авсан газраа зориулалт бусаар ашиглах, эсвэл эзэнгүйдүүлж орхих, өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлдөггүй зэрэг зөрчил түгээмэл байдаг. Зөвхөн энэ үндэслэлээр өнгөрсөн жил Сонгинохайрханд 15 мянга гаруй хүний газар ашиглах эрхийг цуцалсан. Тэгвэл БОАЖЯ-ныхан энэ онд Богдхан ууланд газар ашиглах зөвшөөрөлтэй 285 иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг түдгэлзүүлж, 711 га талбайг чөлөөлжээ. Тэдгээр иргэн, аж ахуйн нэгжээс дээрх зөрчил түгээмэл илэрсэн байна. Түүнчлэн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нөхцөлтэйгөөр авсан газраа орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барьсан тохиолдол цөөнгүй байсан аж.