“Бөмбөгөр” худалдааны төвөөс мах авлаа. Жижиг, гялгар уутанд бүгдийг нь багтаах гэж чихэх худалдагч “Ийм уут бүр олдохгүй болсон, ойлгоорой” гэж өөрийгөө зөвтгөх. Үзэм, самрын худалдагч бүсгүй 2-3 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг нэг уутанд хамтад нь савлаж өгөөд мөн адил зүйл хэлэв.
“Номин” сүлжээ дэлгүүрүүдэд өөрийнх нь шошго бүхий гялгар уут тасраад удаж буйг кассчин нь учирлах. Зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд сүүлийн үед хамгийн “ховор, нандин” бараа нь нийлэг буюу гялгар уут болжээ.
Ахуйн хэрэглээний бараа зардаг лангуунуудад уг нь нимгэн, зузаан, жижиг, том, бариултай, бариулгүй гэхчлэн янз бүрээрээ л өрөөстэй харагдавч үнэ нь “тэнгэрт” гарсан учраас худалдаа эрхлэгчдэд хүнд тусаж байгаа гэж “Бөмбөгөр” худалдааны төвийнхөн ам уралдан ярив. “Гялгар уутанд “хамаг” мөнгөө барчихаар наймаа хийсний ашиг бидэнд бараг байхгүй” гэж хэтрүүлэгтэй сүржигнэх худалдагч ч таарав. Бараа, бүтээгдэхүүний үнийг хуга нуга зарж чамгүй ашиг олдог хэрнээ гялгар уутанд “бүдэрдэг” гэх худалдагч байхад “Угаас хориглосон, дэлхий нийтээрээ эсэргүүцэж байгаа гялгар уутыг хэрэглээнээс гаргахад хамгийн тохиромжтой үе ирлээ. Үнэтэй, ховор байгаа дээр нь татгалзаад даавуун торны хэрэглээг дэмжиж, хэвшүүлэх хэрэгтэй” гэж ухаалгаар ухуулах нь ч байна.
Гялгар уутыг нимгэн, зузаанаас нь шалтгаалж нэг ширхгийг нь 500 хүртэл төгрөгөөр авч байхаар олон удаа ашиглах даавуун тортой болчихвол аль ч талаасаа иргэдэд хэмнэлттэй, бас аюулгүй. Угаас гялгар уутнаас татгалзъя гэж улиг болтол ярьж, хууль, журам хүртэл баталчихаад хэрэгжүүлэхгүй байгаа нь худалддаг, худалдан авдаг, хяналт тавьдаг нь гээд бүгдийн буруу. Тиймээс “хэрэгждэггүй” хуулийг хэрэгжүүлэхийн төлөө однооноос хичээж эхэлье. Гялгар уутанд хамаг ашиг орлогоо “тавьж туугаад” байгаа нөгөөх хэдэн худалдагчид ч илүү зардал гаргахгүй амар биз. Өмнө нь даавуун торноос гялгар уутыг хямд гэж түлхүү хэрэглэж байсан бол өнөөдөр харин үнэ нь ялгаагүй шахам болчихлоо.
Засгийн газрын 189 дүгээр тогтоолын дагуу 2019 оны гуравдугаар сараас хилээр нийлэг уут оруулахгүй, өндөр хяналттай ажиллана гэж сүртэй мэдээлж байсан мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн хугацаанд даавуун торны хэрэглээг хэвшүүлэх тал дээр хэрхэн анхаарч ирсэн бол. Чухамхүү “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав, баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж Зөрчлийн тухай хуулийн 6.1.4-т заасныг өнөөдөр эргэн сануулъя.
Том сүлжээ дэлгүүрүүдэд гялгар уутнаас татгалзахыг дахин уриалъя. Угаас үнэтэй, олдоц муутай байгаа эдийг олж авах гэж илүү зардал гаргахгүй даавуун торыг сурталчилбал бизнест нь хүртэл дэмтэй байх нь лавтай. “Оргил” худалдааны төвийнхөн кассын хэсэгтээ даавуун тор байршуулан, худалдан авагчдад санал болгож байгаа сайн жишээ байна. Харин “Номин”-гийнхон орлуулах даавуун тор тавих нь битгий хэл “Манайх уутгүй болсон” гэж “өрөвдмөөр” царай гаргах нь ичиг ичиг. Эргэн сануулахад, 10 гаруй жилийн өмнө Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Гялгар уутны хэрэглээг багасгах” аян зарлаж, “Номин холдинг”-той хамтарч байлаа. Харамсалтай нь, энэ ажилд ямар ч ач холбогдол өгөөгүй нь өнөөдөр ч илэрч байх шиг.
Цаг хугацаа, нөхцөл байдал хүртэл гялгар уутнаас татгалзахыг шаардаж байгаа энэ үед бүгдээрээ даавуун уут хэрэглэж хэвшье. Аажимдаа үр хүүхдүүд тань даавуун тор “барьдаг” болно, экологид ээлтэй хандлага тогтоно, хуулиа хэрэгжүүлнэ гээд давуу тал олон бий.
Бэлтгэсэн Э.Хана