“Тамхины хяналтын сайн засаглалын төлөөх төв” (GGTC) олон улсын байгууллага “Эрүүл хотыг чадавхжуулах төв” төрийн бус байгууллагатай хамтран тамхины үйлдвэрлэл, импорт, борлуулалтын ил тод байдлыг үнэлэх, хөндлөнгийн индекс тогтоох судалгааг манай улсад анх удаа хийжээ. Тамхины хяналтын бодлого, үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлага, улс төрийн томоохон албан тушаалтнуудын оролцоо, нөлөөлөл, түүний ил тод байдал, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлуудыг хамруулан, тусгай аргачлалаар хийсэн эл судалгаагаар манай улс 62 оноо авчээ. Тодруулбал, тамхины үйлдвэрлэл, импорт, борлуулалт дахь ил тод байдлыг 100 оноогоор үнэлснээс 62 буюу тааруу үнэлгээ авсан аж.
Монгол Улс энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ, дам тамхидалтад өртөж буй хүний тоогоор Азидаа дээгүүрт орсоор ирсэн. Тэгвэл олон улсын байгууллагаас хийсэн эл судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн бүрт өдөрт дөрвөн ширхэг тамхи ногдож байгааг тогтоожээ. Тодруулбал, монголчууд жилд ойролцоогоор 150 сая хайрцаг тамхи хэрэглэдэг аж. Үүнийг хүн амын тоотой жишвэл насанд хүрэгчдэд жилд 70 хайрцаг, өдөрт дөрвөн ширхэг тамхи ногддог байх нь. Нийт тамхины хэрэглээний 47 орчим хувийг дотоодоосоо хангадаг бол үлдсэнийг нь импортолдог байна.