Баянгол дүүргийн XVIII хорооны нутаг, бидний нэрлэдгээр “Модны хоёр” орчимд цайны газар, кафе, үсчин, гутал засвар, хүнсний дэлгүүр, фото зургийн студи зэрэг үйлчилгээний 10 гаруй жижиг төв эгнэн байрлажээ. Тэдгээр нь төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг ч нийтлэг нэг хүндрэл үүссэн нь түүхий эд, материалын хомсдол аж. Тухайлбал, 10 орчим жил тэнд үйл ажиллагаа явуулж буй цайны газарт одоогийн байдлаар нэг удаагийн хэрэглээний таваг, халбага, сэрээ, соруул, амны цаас дутагдаад байгаа аж. Цайны газрыг түрээслэн ажиллуулагч О.Орших “Нэг удаагийн хэрэгсэл, хоолны зарим амтлагч, аяга, таваг угаагч шингэн, амны цаас гээд өдөр тутмын хэрэглээний зүйлс өмнөх шигээ хямд олдохоо больсон. Бид амны цаасыг ариун цэврийнхээр орлуулж буй бол өөрсдийн аяга, тавгийг авч ирэн хоол хийлгэж авахыг үйлчлүүлэгчдэд зөвлөж байгаа. Мөн урд хөршөөс оруулж ирдэг, угаалга, цэвэрлэгээний хямдавтар бодисууд тасарсан” гэв.
Тэгвэл гуталчин М.Баяртбилэг “Гутал засах бүх материалыг Эрээнээс авдаг. Миний ажлын гол багаж цавуу, резин, өсгий, тах, мяндсан утас, будаг бараг дууссан. “Бөмбөгөр” болон бусад томоохон зах, худалдааны төвөөс бөөнөөр нь худалдан авч зэхдэг ч тэндээ тасарч, эрэлт ихэссэн байна” гэв.
Түүнчлэн “Бүжин” хүнсний дэлгүүрийн худалдагч нь “Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үүдээ барьчихгүй шиг л үйл ажиллагаа явуулж байна. Хөл хорионы улмаас үйлчлүүлэгч цөөрч түрээсийн төлбөрөө арай гэж өгч байсан бол өдгөө барааны хомсдолд өртлөө. Зарим төрлийн бэлэн гоймон, MCS компанийн үйлдвэрлэдэг өнгөтэй, хийжүүлсэн ундаанууд, шүдэнз, асаагуур, скоч буюу наалдамхай тууз, цавуу зэрэг өдөрт тутмын хэрэгцээт ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт сүүлийн нэг сард мэдэгдэхүйц тасарсан. Борлуулж буй барааны нэр, төрөл хагас жилийн дотор илт цөөрсөн. Ядаж шүдэнзээ дотооддоо бид үйлдвэрлэдэггүй юм байна” гэлээ.
Тэгвэл фото зургийн студи ажиллуулдаг О.Отгонцэцэг “Жил бүрийн өдийд буюу шинэ жилийн баярын үе, Цагаан сараар гэрэл зургийн студийн орлого өсдөг. Зургийн цаас, хор, хүрээ зэрэг хэрэгцээт бараагаа захин, мөнгөө шилжүүлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч хүлээж аваагүй л байна. Цагаан сар, шинэ он угтах баярыг хоёр өнжсөн хүмүүс илүү өргөн хүрээнд тэмдэглэн, олон төрлийн үйлчилгээ авах байх гээд мөнгөө шавхаад Эрээн рүү бараа захисан нь буруудав бололтой. Урд хөршөөс Эрээн-Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг эхлүүлэхгүй байгаа нь манайх халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөөгүйд биш, олон улсын түвшинд яриа хэлэлцээр тааруу өрнүүлж, үл үнэлэгдэж буйн жишээ байх” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлэв.
Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, зах, дэлгүүр хаана ч орсон бараа, бүтээгдэхүүн, түүхий эд нь тасарсан, хомсодсон, Эрээн дэх түншүүд рүүгээ мөнгөө шилжүүлээд хүлээж буй гэж байна. “Улаанбаатар” их дэлгүүрийн үйлчлүүлэгч Г.Анир “Нийслэлийн хэмжээнд лав 36, 37 размерын, эмэгтэй хүний гутал нүдний гэм болж. Монгол эмэгтэйчүүдийн олонх нь ийм хэмжээтэй гутал өмсдөг учраас ийнхүү ховордсон гэнэ. Дэлгүүрүүдээр ороод сонгож, шилж суухгүйгээр 36-37 размерын, эмэгтэй хүний гутал байна уу гэхэд л хариулт нь тодорхой байна” гэсэн юм. “Peace mall” дэлгүүрийн эрэгтэйчүүдийн бэлэн хувцасны худалдагч Б.Намуун “Эрээнд амьдардаг, Гуанжугаас бараа татаж илгээдэг хамтрагч руугаа 20 сая төгрөг өнгөрсөн есдүгээр сарын 30-нд шилжүүлсэн. Аравдугаар сарын эхний долоо хоногт ачаагаа авахаар төлөвлөж байсан ч талаар боллоо. “Танай улс хил гаалийн асуудлаа шийдэн, цар тахлын аюулаас сэргийлж чадахгүй байна шүү” хэмээн Эрээний наймаачид даапаалж эхлэв. Бизнес эрхэлдэг бүх хүн, аж ахуйн нэгж хямралд өртлөө, манай улсад ер нь гадаад бодлого гэж байна уу” хэмээн халаглаж байв. Үүнээс гадна үнийн хөөрөгдөлд бид нэрвэгдээд удлаа. 2018 оныхтой харьцуулахад талх, бүх төрлийн будаа, сүү, элсэн чихэр, алим, цөцгийн болон ургамлын тос, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний үнэ 22-400 хувиар нэмэгдсэн аж. 2018 онд 900-1000 орчим төгрөгөөр зарж байсан ахуйн хэрэглээний нэг ширхэг хийн үнэ өдгөө 3000-5000 төгрөгт хүрсэн нь гурван жилд хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Харин бүх төрлийн гурилын үнэ хамгийн бага буюу 22-30 хувиар өсөн, өдгөө кг нь дунджаар 1500 төгрөгт хүрсэн албан бус тооцоо байна. Түүнчлэн хүнсний болон нарийн ногоо, жимсний ханш ч сүүлийн нэг жилд 30-60 хувиар нэмэгдсэнийг батлан бичих шаардлагагүй. Эдгээр нь Эрээн-Замын-Үүдийн боомтын автомашин зорчих хөдөлгөөнийг хаасан, ачаа эргэлтийн хэмжээ багассан, дотооддоо үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл цөөнтэй шууд холбоотой. Манай улс дэлхийн 156 оронтой худалдаа хийдэг ч импортын бүтээгдэхүүний 36-38 хувийг урд хөршөөс худалдан авч, барааны нийлүүлэлтийн 56-57 хувийг Эрээн-Замын-Үүдийн боомтоор хүлээн авдгийг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Цаашид үйлдвэрлэлээ хөгжүүлэх, БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг нийт 26 боомтын үйл ажиллагааг сайжруулж, ачаа эргэлтийг эрчимжүүлэхэд анхаарахгүй бол горьгүй нь. Хэзээ, ямар өвчин тахал дэгдэх нь таашгүй учраас дотоодын нөөц боломждоо түшиглэн, үйлдвэржсэн орон бий болгохгүйгээр олон хүн ажилгүй, олон аж ахуйн нэгж ашиггүй ажилласан хэвээр байх нь. Ташрамд дурдахад, худалдааны салбарт 2020 оны байдлаар 165 000 хүн ажилласан нь нийт ажиллагсдын 15 орчим хувь бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 15.4 хувийг үйлдвэрлэжээ. Харин зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 5000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 50 000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна