Коронавирусээс улбаатай хямрал, тодорхойгүй байдал аялал жуулчлалын салбарт тооцоолсноос урт хугацаанд үргэлжилж болзошгүй эрсдэлтэй гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-аас мэдээлэв. Зарим бүс нутаг, улсад цар тахлын нөхцөл байдал харьцангуй намжсан ч дельта, омикрон хэлбэрийн тархалтаас үүдэлтэйгээр жуулчдаас халгааж, болгоомжлох, хилээр нэвтрүүлэх болон дотоодод зорчуулахдаа хатуу журам баримтлах, хориг тогтоох явдал түгээмэл байгаагаас ийнхүү дүгнэжээ. Түүнчлэн дэлхий даяар өрнөсөн дархлаажуулалтын хөтөлбөрөөс үүдэлтэй өндөр хүлээлт, тооцоолол коронавирусийн шинэ хэлбэрийн халдваруудад “бут цохигдсон”-ыг дээрх байгууллагынхан баримтаар дурдлаа.
Олон улсын аялал жуулчлал сэргэж, 2019 оны түвшинд хүрэхэд багадаа 3-4 жил шаардлагатай гэсэн тооцооллыг ДАЖБ-ынхан өнгөрсөн жил гаргаж байв. Энэ хугацааг дархлаажуулалт, цар тахалтай дасан зохицох хандлага наашлуулна гэж эергээр зурагласан. Тиймээс судлаач, мэргэжилтнүүд 2021 онд “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбар тодорхой хэмжээнд тэнхэрч, өмнөх жилийнхээс дээрдэнэ гэж үзэж байсан юм. Гэтэл энэ тооцоолол талаар болж, олон улсын аялал жуулчлал өнөө жил өмнөх оныхоос ч дорджээ. Америкаас бусад тив өнгөрсөн оныхоос цөөн жуулчин хүлээн авчээ. Тухайлбал, Ази тивд аялсан жуулчны тоо өнгөрсөн онд 80 гаруй хувь (2019 оныхтой харьцуулахад)-иар буурсан бол 2021 онд 90 хувь давснаар хамгийн муу үзүүлэлтийн “эзэн” болов. Үүний дараа Ойрхи Дорнодынх 80, Африкийнх 70, Европын орнуудынх 60 хувиар буурсан үзүүлэлтээр удаах байрт жагссан байна. Эдгээрийг нэгтгэсэн буюу нийт үзүүлэлтээр “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбар 2021 онд 75 орчим хувийн алдагдалтай ажилласан нь өнгөрсөн жилийнхээс 2-3 хувиар доошилсон муу үзүүлэлт боллоо.
ДАЖБ-аас гаргасан “Аялал жуулчлалын барометр” судалгаанд дурдсанаар бол 2019 онд олон улсад давхардсан тоогоор хоёр тэрбум хүн аялж, улс орнууд 1.7 их наяд ам.долларын экспортын орлогыг энэ салбараас төвлөрүүлж байж. Харин өнгөрсөн жил үүнээс 2.4 дахин бага буюу 700 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн бол 2021 онд 600 тэрбум ам.доллар хүрэх, эсэх нь (одоогоор 500 даваад буй) эргэлзээтэй байгаа аж.