БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас хамтран ажилласанд талархаж ХНХЯ-нд шагнал гардуулсан байна. Тодорхой хэлбэл, Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажилтан илгээх чиглэлээр нягт хамтран ажиллаж, хоёр орны хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн аж. Энэхүү шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад албан ёсоор гардуулах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулав. Монгол Улс тус улсад хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажилтан илгээсэн анхны 16 орны нэгд багтдаг бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уг үйл ажиллагааг тогтвортой хангаж ирсэн билээ. Мөн энэ жил БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй. Солонгосын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газартай монгол иргэдийн эрх ашиг, ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд зорьж ажиллаж байгаагаа цахим уулзалтын үеэр хэлжээ.