Завхан аймгийн хөгжимт драмын театр Зохиолч П.Батхуягийн “Дүр бүхэн-минийх” түүхэн хронотоп үзэгдлийн жүжгийн зохиолыг тайзны уран бүтээл болгохоор өнөөдөр Соёлын яаманд гэрээ байгууллаа. Зохиол ирэх оны дөрөвдүгээр сараас үзэгчдийн хүртээл болгох урьдчилсан төлөвлөгөө гарчээ.
“Дүр бүхэн-минийх” зохиолын гол агуулгад нэг дүрээр дамжуулж Монголын түүхэнд гарсан бүх урвагчийг дүрсэлжээ. Тэрхүү дүр нь эх орон, тусгаар тогтнол, тэр бүү хэл өөрөөсөө хэрхэн урваж байгааг тайлжээ.
Сонирхуулахад, хронотоп үзэгдлийн жүжиг гэдэг нь цаг хугацаа, орон зайн хувьд ялгаатай боловч яг л ижилхэн үзэгдэл, үйл явдлын талаар үзүүлдэг жүжгийн зохиолын хэлбэр ажээ.