2021 оны жилийн эцсийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтсон хугацаанаас хэд хоногийн өмнө олгож буйгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Энэ сарын 13-наас шилжүүлэг хийж эхэлсэн бөгөөд дийлэнх хүмүүсийн, тэр дотроо хүүхдийн мөнгө олгогдсон гэнэ.
Мөн А.Ариунзаяа сайд " Нийт 2.4 сая иргэний гүйлгээг хийх явцад 54 мянган иргэний шилжүүлэг түр саатсан. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой. Банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа. Ингэснээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно. Нөхөн олголт энэ сарын 22-нд хийгдэнэ. Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй тантай холбогдоно. Эсвэл энэ хугацаанд та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй" хэмээн тайлбарлажээ.