Гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ч шийдэгдэхгүй байгаа “цагаан захтнууд”-ын хэрэг цөөнгүй. Хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хойш олон жил өнгөрсөн ч холбогдсон хүмүүс үнэхээр буруутай, үгүйг нь шийдээгүй өдий хүрсэн нэгэн хэргийн хавтсыг энэ удаа сөхье. Хэргийг шалгаж байх хугацаанд зарим гэрч нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, сайд дарга нар ч хэдэнтээ солигдоод байгаа юм.
Энэ бол 2014 оны үеийн нэршлээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцэцэг, тус хэлтсийн нягтлан бодогч Б.Үүрцайх, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Өү Ти Юу” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан Р.Болормаа нарт холбогдох хэрэг. Тэд чухам ямар хэрэгт холбогдсон талаар энд тодруулъя.
Я.САНЖМЯТАВ САЙДЫН ӨРӨӨНД ХИЙСЭН БИЧЛЭГИЙГ УСТГУУЛСАН УУ
Дээр нэр дурдсан гурван албан тушаалтныг прокурорын байгууллагаас “Урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Хөдөлмөрийн сайдын 2014 оны зургадугаар сарын 27-ны А/145 тоот тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д нэг тэрбум 344 сая төгрөгийн өртөгтэй байхаар төсөвлөсөн ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж тендер зарлахгүйгээр “Өү Ти Юу”, “Баухаус” ХХК-ийг шалгаруулан дээрх мөнгийг шилжүүлж Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй юм. Уг нь Төсвийн тухай хуулийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47.3-т “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэж заасан байдаг. Уг заалтыг дээрх албан тушаалтнууд зөрчин “Өү Ти Юу” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгосон аж. Улмаар 2014 оны долдугаар сарын 17-нд 582 сая, наймдугаар сарын 15-нд 381 сая, есдүгээр сарын 15-нд 201 сая гээд нийт нэг тэрбум 164 сая төгрөгийг санхүүжилт болгож олгосон гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Ж.Отгонцэцэг, тус хэлтсийн нягтлан бодогч байсан Б.Үүрцайх нар “Баухаус” гэх компанид давуу байдал бий болгож, 2014 оны наймдугаар сарын 5-нд 90 сая, есдүгээр сарын 9-нд мөн хэмжээгээр санхүүжилт олгосон хэрэгт ч бас холбогдоод байгаа юм.
Б.Үүрцайх мэдүүлэгтээ “Энэ асуудлуудыг зохион байгуулсан, хариуцах ёстой хүмүүс нь өнөөдөр гэм буруугүй гээд явж байна. Хэрэгт яллагдагчаар татагдсан бид гурвын үгсэн тохиролцоно гэж юу байх вэ дээ. Бид гүйцэтгэх түвшний ажил хийж байсан хүмүүс. Яг адилхан процессоор хоёр халуун ус барина гэж 180 сая төгрөг авсан “Баухаус” ХХК-ийг яллагдагчаар татаагүйг гайхаж байна. Миний хувьд хамтын шийдвэр, даргын тушаалын хүрээнд л гүйлгээ хийсэн. Хийх ч үүрэгтэй” хэмээгээд УИХ-ын гишүүн агсан Д.А, тухайн үеийн Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав, Хөдөлмөрийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга н.Пүрэвсүрэн, Төрийн сангийн газрын дарга нарын нэрийг дурдсан байв. Тодруулбал, нэр дурдсан албан тушаалтнуудыг хоорондоо үгсэн тохиролцсон хэмээжээ. Ингэхдээ “Хоорондоо үгсэн тохиролцож, энэ ажлыг зохион байгуулсан бүрлээч гишүүн, Я.Санжмятав сайд, тухайн үеийн Хөдөлмөрийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга, Төрийн сангийн дарга, Баянзүрх дүүргийн Төрийн сангийн дарга н.Наранчимэг нар хаана байна вэ. АТГ тухайн хэргийг нэг талаас нь харж, улстөржүүлж шалгасан учраас маш олон зүйлийг орхигдуулсан. Надад хоёр сонголт л байсан. Я.Санжмятав сайд өрөөндөө биднийг дуудаж оруулаад даргыг маш олон янзаар дарамталж “Энэ мөнгийг гарга” гэж байв. Тухайн үед би гар утсаараа бичлэгийг нь хийгээд Ж.Отгонцэцэг даргад “Хоёулаа ийм баримттай болчихлоо шүү” гэхэд “Чи сайдын өрөөнд бичлэг хийгээд төрийн дайсан болох нь уу. Наадахаа устга” гээд устгуулж байсан юм” хэмээн өгүүлсэн байх юм.
Хэрэгт холбогдсон Р.Болормаагийн хувь эзэмшсэн “Өү Ти Юу” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Тус компанийн захирал Л.Ундрах мэдүүлэхдээ “УИХ-ын гишүүн агсан Д.А миний хадам байсан. Тэгээд “Чиний компани дээр ажил хийе” гэхээр нь би зөвшөөрсөн. Барилгыг нь барьчихсан байхад манай компаниас нэг тэрбум 164 сая төгрөг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй. УИХ-ын гишүүн агсан Д.А АТГ-ынханд мэдүүлэг өгч байхдаа “Энэ хэрэг “Өү Ти Юу” ХХК болон Л.Ундрахад хамааралгүй, би өөрөө энийг хүлээн зөвшөөрнө, миний хийсэн хэрэг” хэмээж байсан талаар хэргийг шалгаж байсан мөрдөгч нь надад хэлсэн. Барьсан барилга нь байгаа, учирсан хохирол гэж үгүй атал биднээс мөнгө гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй. 2012 оны хоёрдугаар сард компанийхаа хувьцааг Р.Болормаа, Л.Эрдэнэчулуун нарт шилжүүлж өгөөд захирлаар нь хадам ээжийн туслахаар ажиллаж байсан Р.Болормааг томилсон. 2012 оноос хойш “Өү Ти Юу” ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцохгүй явж байгаад 2016 оны дөрөвдүгээр сард захирлаар дахин томилогдсон” хэмээж байв.
ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТУШААЛЫН ДАГУУ МӨНГИЙГ Ж.ОТГОНЦЭЦЭГ ХАРИУЦАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Улсын төсвийн 1.3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэгт халуун усны дөрвөн барилга барьсан ч Улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн агсан Д.А-ы туслахаар ажиллаж байсан хүн нь “Би УИХ-ын гишүүн Д.А-ы бие төлөөлөгч, туслахын албан тушаалд 2015 оны хоёрдугаар сараас 2016 оны долдугаар сар хүртэл ажилласан. “Өү Ти Юу” ХХК нь Ундрахын нэр дээр бүртгэлтэй ч тэрбээр тухайн компанийн асуудалд оролцоод байдаггүй. Тухайн аж ахуйн нэгжийн тамга, тэмдэг, гэрчилгээ нь ихэнхдээ гишүүний туслах Р.Болормаад хадгалагддаг байсан. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн болон халуун усны дөрвөн барилгыг Р.Болормаа нөхөртэйгөө нийлж барьсан. Миний бодлоор маш муу барьсан, нураад унах байх гэж боддог” хэмээжээ. Шинжээч Б.Эрдэнэсүрэн “Өү Ти Юу”, “Баухаус” ХХК-ийн барьсан халуун усны цэгүүд, ахуйн үйлчилгээний төвийн барилга зэрэг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүү
лэх зөвшөөрлийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас аваагүй, аж ахуйн аргаар барьсан учраас Улсын комисс ашиглалтад оруулахаар хүлээж авах ямар ч боломжгүй. “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан ахуйн үйлчилгээний барилга нь батлагдсан зураг төсөвгүй учраас тухайн барилгыг барилга байгууламж гэж үзэх боломжгүй” гэжээ. Эндээс дүгнэхэд улсын төсвийн буюу татвар төлөгчдийн 1.3 тэрбум гаруй төгрөг үрэн таран болчихоод байгаа юм.
Уг мөнгийг захиран зарцуулах эрхийг тухайн үеийн Хөдөлмөрийн сайдын тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэгт шилжүүлсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн сайдын 2014 оны зургадугаар сарын 27-ны А/146 дугаартай Эрх шил жүүлэх тухай тушаалаар нэг тэрбум 344 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэгт шилжүүлэх тушаал гаргасан аж. Энэ тухай хэд хэдэн албан тушаалтан гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, тухайн үеийн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын “Улсын төсөв батлагдсанаар тухайн салбарын сайдын эрх мэдэл, хариуцлагын хүрээнд улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэйн хувьд хуулийн дагуу төсвийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах талаар судлан үзэж сайдын тушаал гаргаж хуваарилдаг. Д.А Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс УИХ-д нэр дэвшиж сонгогдсон хүний хувьд Сангийн яам, УИХ-д ахуйн үйлчилгээний төв байгуулах саналаа ирүүлж хэлэлцээд төсөв нь батлагдсан юм. Миний хувьд Ж.Отгонцэцэг болон Д.А, түүний туслах нарыг байлцуулж байгаад Ж.Отгонцэцэгт “хуулийн дагуу наад ажлаа хийж хэрэгжүүлээрэй” гэж үүрэг, чиглэл өгсөн. УИХ-ын гишүүн Д.А-ы санаачлан хэрэгжүүлж буй ажил байсан учраас түүнийг хийхэд туслалцаа үзүүл, хуулийн дагуу ажилла гэсэн үүрэг чиглэл өгөөд гаргасан” хэмээн мэдүүлжээ.
Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар холбогдох байгууллагаас шалгасан байна. Ингэхдээ Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогч Б.Үүрцайхаас тайлбар авахад “804 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний зориулалттай төв барьсан, 540 сая төгрөгөөр нэг бүр нь 90 сая төгрөгийн үнэтэй халуун усны зургаан цэг байгуулсан” гэж хэлжээ. Тиймээс хийсэн ажлуудыг ямар бичиг баримтад үндэслэн санхүүжүүлснийг тодруулахаар холбогдох баримтыг нь шаардахад Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэгийн “Өү Ти Юу”, “Баухаус” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, тухайн компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүдээс өөр баримт өгөөгүй, Хөдөлмөрийн хэлтсээс баталсан гүйцэтгэл, зураг, төсөвгүйгээр санхүүжилтүүдийг нь олгочихсон нь илэрчээ. Уг нь бол аливаа санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг нь үндэслэж өгөх ёстой атал хууль зөрчин мөнгө шилжүүлсэн нь тодорхой болсон гэнэ. Үүнд нь үндэслээд АТГ-ынхан шалгаж 2019 онд шүүхэд шилжүүлэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болсон байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцэцэг, нягтлан бодогч асан Б.Үүрцайх, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Өү Ти Юу” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан Р.Болормаа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Харин улсад учруулсан хохиролд “Өү Ти Юу” ХХК-иас 582 сая, Р.Болормаагаас 194 сая, “Баухаус” ХХК-иас 90 сая, Ж.Отгонцэцэг, Б.Үүрцайх нараас 239 сая төгрөг гаргуулж төсөвт оруулахаар шийдвэрлээд байв. Гэвч Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар эл хэргийг 2020 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан бөгөөд өдгөө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр дахин хэлэлцэхээр товложээ.
Бэлтгэсэн Г.Орчлон