Манай улсын хүн амын бүтэц 2050 он гэхэд хэрхэн өөрчлөгдөх талаарх хэтийн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Тус байгууллагынхны тооцоогоор бол манай улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй аж. Цаашид төрөлтийн түвшин аажмаар буурах хандлагатай бөгөөд ингэснээр нийт хүн амьд хүүхдүүдийн эзлэх хувь буурч, харин 65-аас дээш насныхны тоо нэмэгдэх магадлалтай гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны тооллогоор нийт хүн амын 4.2 хувь нь 65-аас дээш насныхан байсан бол эл үзүүлэлт 2050 онд 12 болох тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, хүн амын насны бүтцийг өдгөө идэр гэж дүгнэж болох бол 2050 онд хөгшрөх хандлагатай болж, нас баралтын түвшин нэмэгдэх төлөвтэй аж. Улсын хэмжээнд тэтгэврийн насны хүн амын тоо өдгөө 317 600 орчим байна. Тэгвэл 30 жилийн дараа эл үзүүлэлт гурав дахин нэмэгдэх магадлалтай гэнэ. Тиймээс тэтгэвэр, өндөр настны нийгмийн халамжийн үйлчилгээний ачааллыг зохицуулах бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэхийг Үндэсний статистикийн хорооныхон судалгаандаа дурджээ.
Хүн амын үзүүлэлтийг орон нутгаар нь ангилж үзвэл өдгөө Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн зургаан аймгийн бүртгэлтэй иргэний тоо 100 000-аас давсан. Тэгвэл 2050 он гэхэд үүн дээр Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Увс, Ховд, Хэнтий гэсэн долоон аймаг нэмэгдэх тооцоолол гаргасан байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хүн ам 1962 онд нэг, 1988 онд хоёр, 2015 онд гурван саяд хүрч байв.
Бэлтгэсэн М.Оч