Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулан “Монгол төрийн гадаад бодлогын эрт, эдүгээ ба ирээдүй” сэдэвт бага хурлыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Түүхэн чухал тэгш ой аливаа байгууллага, салбарын амжилт бүтээлийг тодотгохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох боломж олгодог. 2011 онд тохиосон 100 жилийн ойгоороо бид дипломат албаны үечилсэн түүхээ тунгаан хэлэлцсэн бол энэ удаа ирээдүй рүү чиглэж, гадаад бодлогын хэтийн төлөвийн талаар ярилцаж, санал бодлоо солилцох зорилт дэвшүүлээд байна.
Бага хурлын үеэр дараах дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд өгөх үнэлгээ
Монгол Улсын гадаад бодлогын тулгуур баримт бичгүүд болох Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэхүү хоёр үзэл баримтлалыг шинэчлэн батлаад арав гаруй жил өнгөрсөн байна. Иймд үзэл баримтлалуудын хүрээнд дэвшүүлсэн тэргүүлэх чиглэл, зорилтууд цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх, дахин өөрчлөн шинэчлэх цаг нь болсон эсэх талаар эрдэмтэн судлаачидтайгаа хамтран ярилцав.
Хоёрдугаарт, Хоёр хөрштэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ба Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого
Манай улсын гадаад бодлогын чухал чиглэл болох Гуравдагч хөршийн бодлогыг хэлэлцэж, хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорив. Гуравдагч хөршийн бодлого маань онолын хувьд олон улсын харилцааны нэг чухал судлагдахуун болон төлөвшиж байгаа ч бодит байдал дээр хэрхэн биеллээ олж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна вэ гэдгийг ярилцав.
Гуравдугаарт, Мэдээллийн технологи ба дипломат үйл ажиллагааны цаашдын хандлага
Мэдээллийн технологи ба дипломат үйл ажиллагаа сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Аж үйлдвэрийн IV хувьсгал өндөр технологийн салбарт шилжиж, технологийн бие даасан байдлаа хангаж, улмаар дэвшилтэт технологийн салбарт ноёрхлоо тогтоох гэсэн их гүрнүүдийн өрсөлдөөн ид өрнөж байна. Энэ үед манай улс ямар бодлого баримтлах вэ гэдгийг ярилцах цаг болсон бөгөөд манай туршлагатай дипломатууд, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж эхлээд байгааг Гадаад харилцааны яам талархан хүлээж авч байгаа юм.
Дөрөвдүгээрт, Соёлын гадаад бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагаа, арга зам ба хэрэгжилт
Соёлын гадаад бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагаа, арга зам, хэрэгжилтийн талаар ярилцав. Зөөлөн хүчний бодлогын тухай ойлголт гарч ирээд нилээдгүй хугацаа өнгөрсөн ч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Даяаршлын эрин үед улс орнууд хэрхэн дангааршиж, олон улсын харилцаанд өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх нь зөөлөн хүчний бодлогоос ихээхэн хамааралтай. Өнө удаан жилийн өвөрмөц түүх, соёлтой манай улсын хувьд соёлын дипломат ажиллагааг хөгжүүлэх боломж их бий. Энэ талаар хэлэлцүүлэг өргүүллээ.
Эдгээр хэлэлцүүлэгт гадаад харилцааны тухайн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, дипломатууд уригдан оролцож, санал бодлоо илэрхийлэв.