Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын ажил, үйлчилгээг цахимд үе шаттайгаар шилжүүлэх болсон. Тухайлбал, ирэх онд орон нутгийн 400 гаруй аж ахуйн нэгжийг ийхүү шилжүүлэх суурийг тавих аж. Ирэх сард багтаагаад 200 гаруйд нь мэргэжил, арга зүйн чиглэл өгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэнэ. “Утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарт цахим шилжилтийг идэвхжүүлж, түүнд тулгуурласан гадаад сурталчилгааг өргөжүүлснээр аялал жуулчлалыг богино хугацаанд сэргээх боломжтой гэж үзэж буй талаараа БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат онцоллоо. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар бол манай улс ойрын жилүүдэд байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн, цахим шийдэл, технологийн дэвшилд тулгуурласан, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхийг гол зорилтоо болгожээ. Үүнтэй холбогдуулан 21 аймагт зочлох үйлчилгээний салбарын, цахим сургагч багш бэлтгэх сургалтыг БОАЖЯ, “Айхотел” компани хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав.
Бэлтгэсэн Ж.Сувд