Тамхи худалдан авах насны доод хязгаарыг тодорхой хугацаатайгаар тогтмол нэмэгдүүлэх талаараа Веллингтоны эрх баригчид мэдэгджээ. Энэ нь өнөөдрийн өсвөр үеийнхнийг насанд хүрсэн хойно нь тамхи худалдаж авах эрхийг хуулийн хүрээнд боломжгүй болгох хэтийн бодлого юм. Үүний хүрээнд боловсруулсан хуулийн төсөл хэлэлцэж байгаа аж. Мөн тамхины никотины хэмжээнд хязгаар тогтоох, худалдах цэгүүдийн тоог хязгаарлах талаар ч уг төсөлд тусгасан юм байна.
Ирэх онд “амилах” уг хуульд тусгаснаар бол 2008 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдахыг хориглох аж. Шинэ Зеландын эрх баригчид урт хугацаанд тамхины худалдааг бүрэн хориглох бодлогынхоо хүрээнд ийм шийдвэрт хүрснээр тамхичдын эзлэх хувийг эхний ээлжид тав хүртэл хувиар бууруулна гэж тооцоолжээ. Эрүүл мэндийн дэд сайд Айша Веррал нь “Өнөөгийн өсвөр насныхныг амьдралынхаа туршид тамхи татдаггүй хэвшилд сургахын тулд эл төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах насыг 2027 оноос эхлэн жил бүр нэг оноор нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” гэжээ. Өдгөө үйлчилж буй хуулиар бол 18 нас хүрсэн тохиолдолд тамхи худалдан авах боломжтой. Засгийн газрын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнчлэн тамхинаас гарах хүсэлтэй иргэдийг дэмжих зорилгоор ирэх оны улсын төсөвт 36 сая ам.доллар хуваарилсан гэнэ. Тус улс 1990 оноос тамхи үйлдвэрлэгчдийг спортын арга хэмжээг ивээн тэтгэхийг хориглосон бол 2004 оноос эхлэн баар, цэнгээний газарт энэ төрлийн бүтээгдэхүүн борлуулахыг мөн л хуулиараа таслан зогсоожээ. Ирээдүй үеийнхнээ тамхины хөнөөлд нэрвүүлэхгүй байх эл бодлогыг хэрэгжүүлснээр 65 жилийн дараа гэхэд 80-аас дээш насныхан л тамхи худалдаж авах эрхтэй үлдэх аж. Ирэх онд батлах хуулийг хэрэгжүүлснээр Шинэ Зеланд хүн амаа тамхинаас аварсан дэлхийн анхны улс болно.
Ташрамд өгүүлэхэд, Герман 2018 онд тамхины сурталчилгааг хуулиар хориглосон юм. 2016 онд Ангела Меркелийн Засгийн газар тамхины сурталчилгааг хориглох тухай хуулийн төсөл боловсруулснаар ийм алхам хийжээ.
Бэлтгэсэн Э.Хана