Онцгой байдлын алба хаагч өндөр хүчдэлд цохиулж амиа алдсан хэрэг энэ сарын 3-нд гарсан. Талийгаачийн гэргий Ж.Одгэрэл уг хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийжээ. Тэрбээр “Миний хань гал сөнөөгчөөр 10 жил ажилласан. Ахлах ахлагч цолтой. Тухайн үед юу болсон тадаар ярья. Миний нөхөр 24 цагийн ээлжийн ажилтай, нойргүй хоносны маргааш өглөө нь дарга нар нь мэргэжлийн бус жолоочийн хамт ажилд дайчилснаас болж ийм золгүй байдалд хүргэсэн. Улмаар өглөө 09.27 цагийн үед нас барсныг нь биднээс нууж, өдөр мэдэгдсэн. Гомдолтой байгаа. Хэрэг болох үед цагдаагийнхан бичлэг хийсэн юм билээ. Түүнийг ил болгохыг шаардаж байна. Тэр хүртэл суулт зарлаж байна” гэсэн. Ж.Одгэрэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын удирдлагыг, төрийн нууц, онцгой байдлын албаны нэр хүндийг хамгаалах үүднээс бичлэгийг ил гаргах шаардлагагүй гэж үзсэнийг буруушаажээ.
Бэлтгэсэн Р.Жаргал