БОАЖЯ, Орчны бохирдол бууруулах үндэсний хороо зэрэг холбогдох байгууллагынхан “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд даваа гараг болгон агаарын чанарын мэдээллийг олон нийтэд хүргэх болсон. Өчигдөр хийсэн хоёр дахь удаагийн хуралд ЭХЯ, ЦУОШГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл оролцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр “Түүхий нүүрс зөвшөөрөлгүй түлэх зөрчил ихэссэнтэй холбогдуулан гаргасан НОК-ын даргын А/15 тоот тушаал өнөөдрөөс хэрэгжиж, нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид төвийн зургаан дүүргийн гэр хороололд өргөтгөсөн хяналт шалгалт эхлүүлж байна” гэсэн бол ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “2020, 2021 онд иргэд нийслэлээс орон нутаг руу 6000 орчим шуудай, сайжруулсан түлшийг зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн. Мөн хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан тохиолдол буурахгүй байна. Өнгөрсөн баасан гарагт энэ төрлийн хоёр зөрчил илрүүлж, 10 тонн нүүрс хураан авсан. ЭХЯ, нийслэлийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтраад, хяналт шалгалтыг эрчимжүүлэх нэг сарын аян өрнүүлэх боллоо. Ийм зөрчил гаргасан тохиолдолд түлшийг хурааж, улсын орлого болгоно. Хэргийг илрүүлсэн албан тушаалтныг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулах зохицуулал бий болгосон” гэв.
Агаарын чанарын тухай мэдээллийг түгээх зорилготой эл хурлаар хотын утаа хэр хэмжээнд байгаа талаар нэг үг, өгүүлбэр ч дурдсангүй. Түүхий нүүрс, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой зөрчил, хяналт шалгалтын талаар түлхүү ярив. “Тавантолгой түлш” компанийн түлш нийлүүлэлт, тээвэрлэлт, хангамж хэвийн үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг мэргэжилтнүүд энэ үеэр өглөө. Гэтэл гэр хорооллын иргэд түлшний нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй, борлуулалтын цэг хүрэлцээгүй, ялангуяа хотын захын дүүргүүдэд нөхцөл байдал хүндхэн байна гэж шүүмжилж, асуудал дэвшүүлсээр буй юм.
Ж.Мишээл